“Монгол, Оросын хамтын ажиллагаа – 100 жил” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2021.10.19/ боллоо. Эрдэм шинжилгээний хурлыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азизов И.К болон хоёр талын Монгол, Орос судлаачид, эрдэмтэн, профессорууд оролцов. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
“МОНГОЛ, ОРОСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА – 100 ЖИЛ” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН НЭЭЛТЭД МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ХЭЛСЭН ҮГ
Эрхэм хүндэт зочид оо,
Эрхэмсэг ноён Элчин сайд Искандер Кубарович Азизов,
Хатагтай, ноёд оо!
Ардын хувьсгалтай чацуу түүхт ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Монгол-Оросын хамтын ажиллагаа-100 жил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын нээлтэд оролцож байгаадаа баяртай байна.
Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ой хэдхэн хоногийн дараа 11-р сарын 5-ны өдөр тохионо. 1921 онд Монгол оронд Ардын хувьсгал ялж, Ардын засаг тогтсоны дараахан буюу 11 дүгээр сарын 5-нд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосон. Тиймээс зуун жилийн өмнөх энэхүү хувьсгал ах дүүгийн найрсаг харилцааны эхлэлийг тавьсан гэж хэлж болно.
Өнгөрч буй зуун нь хоёр ард түмэн эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө хамтран тэмцсэн тэмцлийн зуун, хамтран хөдөлмөрлөсөн их бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн зуун байсан. Сорилт бэрхшээлүүдийг хамтдаа даван туулсан, нийгмийн харилцааны бүхий л салбар дахь идэвхтэй хамтын ажиллагааны дүнд найрамдал, нөхөрлөлөө бэхжүүлсэн 100 жил байлаа.
Аливаа улсуудын харилцааны хувьд бүтэн зуун гэдэг богино хугацаа биш юм. “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэх Монголын сайхан хэлц үг бий. Халх голын байлдаан, Дэлхийн II дайны хүнд бэрх жилүүдэд манай хоёр улс ах дүүгийн барилдлагаагаа бодит үйл ажиллагаагаар нотлон харуулж, чин сэтгэлээсээ харилцан дэмжлэг үзүүлж ирсэн түүхээр бид бахархдаг.
Өнгөрсөн зуунд ЗХУ болон ОХУ-ын их, дээд сургуулиудыг нийтдээ 70 шахам мянган монгол залуус суралцан төгссөн юм. Миний бие тэдний нэг болж, өдгөөгийн Байгалийн улсын их сургуульд суралцсан оюутны он жилүүдээ өнөөдөр эргэн дурсахад таатай байна. Манай сургуулийг Монгол төрийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал, Д.Моломжамц, академич Б.Ширэндэв, Ерөнхий сайд асан Д.Содном нарын зэрэг 800 гаруй монгол иргэн төгссөн бөгөөд тэдний дотор Монгол Улсын сайд, Засгийн газрын ХЭГ-ын дарга 5, Сангийн сайд 10, Монголбанкны ерөнхийлөгч 5 байдгаар бид бахархдаг.
Энхийн цагт ОХУ-ын их дээд мэргэжлийн сургууль төгссөн Монгол Зөвлөлтийн барилгачид, инженер техникийн ажилтнууд, сурган хүмүүжүүлэгчид, эмч бүхий л салбарын мэргэжилтнүүд Монгол орны өнцөг булан бүрт өрнөсөн их бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан билээ. Орос, Зөвлөлтийн ард түмний сэтгэл зүтгэл шингэж, сүндэрлэн боссон уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, төмөр зам, цахилгаан станцууд, Дархан, Эрдэнэт зэрэг хотууд, үйлдвэр үйлчилгээний байгууллагуудын манай улсын нийгэм, эдийн засагт оруулсан хувь нэмрийг бид өндрөөр үнэлдэг.
Монгол, Оросын ард түмний найрамдал, нөхөрлөл, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны гэрэлт хуудас болсон нэгэн үйл явдал 1981 онд тохиосон билээ. Энэ онд Монгол-Зөвлөлтийн хамтарсан баг сансарт ниссэнээр Монгол Улс иргэнээ сансарт нисгэсэн дэлхийн 10 дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон болсон юм.
Эх орондоо боловсрол, соёл, шинжлэх ухааны шинэ үрийг тарьж, ургуулан цэцэглүүлэх, их бүтээн байгуулалт өрнүүлэн, улс орноо хөгжил дэвшилд хөтлөх гэгээн үйл хэргийн эзэд болсон шинэ үеийн эрдэмтэн мэргэд, инженер техникийн ажилтан, төр нийгмийн зүтгэлтнүүд ОХУ-д суралцан, эрдэм боловсрол эзэмшсэн билээ. Ахмад үеийнхэн маань дэлхийн хэл болсон орос хэлээр дамжуулан хүн төрөлхтний соёлтой танилцаж, эрдэм боловсрол эзэмшсэн. Энэ сайхан түүх энэ цаг үед ч үргэлжилж, орос хэлийг сурах үйл явц хүүхэд залуусын дунд өрнөж, ОХУ-ын их, дээд сургуулиудад олон монгол хүүхэд суралцаасай гэж би хүсдэг.
Энэ дашрамд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн босгон дээр ОХУ-ын Засгийн газраас монгол оюутнуудад олгодог тэтгэлгийн тоог 600-д хүргэхээр шийдвэрлэсэнд маш баяртай байгаагаа илэрхийлье.
Хатагтай, ноёд оо,
1990-ээд оны эхээр хоёр улс нийгмийн шинэ тогтолцоонд шилжсэн амаргүй жилүүдэд хоёр улсын харилцааны хүрээ тодорхой хэмжээгээр хумигдсан ч хамтын хүч чармайлтаар богино хугацаанд сэргэж, тогтвортой хэмнэлдээ орсон.
Хоёр улсын хооронд 2009 онд Стратегийн түншлэлийн, 2019 онд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтож, хамтын ажиллагаа маань бүхий л салбарт амжилттай хөгжиж, хоёр улсын хөгжил, дэвшилд чухал хувь нэмэр оруулсаар байна.
Гэхдээ хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа санасан хэмжээнд хүрэхгүй, боломж нөөцөө бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгааг зориуд тэмдэглэж хэлье. 1990 онд Монгол Улс нийт 660.7 сая ам.долларын экспортыг гадаад улс орнуудад хийсний 519.6 сая нь ОХУ-д ногдож, экспортын бүтцэд ОХУ-ын эзлэх хувь 78.6 хувьд хүрч байсан. Энэ хэмжээ 1991 онд 68.3 хувь болж буурсан. Харин 1992 онд 58.5 хувь болж, БНХАУ 17.8 хувийг эзэлдэг болсон бол 2019 онд БНХАУ-ын эзлэх хэмжээ 88.9 хувь, ОХУ-ынх 0.9 хувь болсон байна.
Тэгвэл Монгол Улс, ОХУ-ын гадаад худалдаа 2020 оны байдлаар 1.45 тэрбум ам.доллар, үүнээс Монгол Улсын экспорт 57.3 сая ам.доллар, импорт 1.4 тэрбум ам.доллар болж, Монгол Улсын худалдааны баланс -1.3 тэрбум ам.долларын алдагдалтай гарчээ.
2021 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын экспорт 50 сая ам.доллар, импорт 847.5 сая ам.доллар болж, алдагдал тууштай буурахгүй байна. Энэ байдлыг өөрчилж, гадаад худалдаанд тэнцвэр тогтоох, уламжлалт сайн харилцаагаа эдийн засгийн салбарт илүү идэвхжүүлэх нь 100 жилийн түүхэн харилцааг өртөөлөн үргэлжлүүлж яваа бидний үеийнхний үүрэг юм.
Тарифын болон тарифын бус элдэв хориг саадыг багасгах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хоёр орны найрамдлын бэлгэ тэмдэг болохуйц томоохон төсөл хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа сайн нөхдийн хувиар хэлэлцэн зөвшилцөж, уялдуулан зохион байгуулах нь манай ард түмнүүдийн нийтлэг эрх ашигт нийцнэ.
Монгол Улс, ОХУ-ын найрамдалт харилцааны өнгөрсөн 100 жил эрх чөлөө, тусгаар тогтнол, соёл, шинжлэх ухаанаа сэргээн мандуулсан зуун байсан. Дараагийн зууныг ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЭРЧИМТ ХӨГЖЛИЙН ЗУУН болгохын төлөө хамтран зүтгэцгээе.
Хатагтай ноёд оо,
Хоёр улсын гадаад харилцааны түүхэнд чухал байр суурь эзлэх энэхүү ойг хамтарсан төлөвлөгөө гарган, жилийн туршид өргөн хүрээнд тэмдэглэж байна. Энэ нь хоёр улсын харилцааны гайхамшигт түүхийг бүтээсэн ахмад үедээ хүндэтгэл үзүүлэх, хойч үеийн хүүхэд залуучуудад уламжлуулан, сайн харилцааны цаашдын хөгжлийн суурийг батжуулах зорилготой юм.
Үлдсэн хугацаанд хоёр талаас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй дээд, өндөр түвшний айлчлал, соёл, хүмүүнлэгийн арга хэмжээ олон байгаа.
Айлчлал, арга хэмжээний үр дүнд хоёр улсын харилцаанд оролцогч, бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагч, судлаачид хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэх, илүү бодит үр дүнд хүргэх, шинэ агуулгаар баяжуулахад чиглэсэн олон чухал санаачилгууд гаргана гэдэгт итгэлтэй байна.
Монгол, Оросын харилцаа улам бүр цэцэглэн хөгжиж, хоёр ард түмний зуун дамжсан найрсаг нөхөрлөл, бат найрамдал үеийн үед бэхжихийн өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.
Бага хурлын ажиллагаанд амжилт хүсье.