Цэс

Холбоо барих

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

    Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.10.21) үдээс хойших нэгдсэн хуралдаан Засгийн газраас 2021 оны есдүгээр сарын 30-ны өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.


    Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед Засгийн газраас эдийн засгийг сэргээх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих чиглэлээр тодорхой арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлсэн төдийгүй халдварын эрсдэлийг цаг алдалгүй бууруулж, боломжит бүхий л арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлж ирсний дотор зорилтот бүлгийн хүн амыг бүрэн, нийт хүн амын 65.5 хувийг вакцинжуулаад байгааг танилцуулгад дурдав. Энэ нь ирэх онд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 0.4 пунктээр нэмэгдүүлэхээр байгаагийн зэрэгцээ цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг хөдөлмөр эрхлэлт, бүтээмжийг нэмэгдүүлэх замаар сэргээж, дунд хугацаанд өсөлтийг тогтворжуулахад чиглэсэн төсөв, санхүү, шинэчлэлийн бодлогын багц арга хэмжээг ирэх онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Иймээс Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заасан эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг өөрчлөх нөлөөлөлтэй байгааг Сангийн сайд танилцуулж, холбогдох төслийг боловсруулан өргөн мэдүүлсэн гэв.

    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамтаар Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Алсан хараа 2050”, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хуримтлалтай хүүхэд” арга хэмжээг хэрэгжүүлж, хүүхдийн хуримтлал бий болгоход шаардагдах тогтолцоог бүрдүүлнэ гэж заасан байдаг. “Хуримтлалтай хүүхэд” арга хэмжээг Ирээдүй өв санд төвлөрөх тухайн жилийн орлого, арилжааны банкан дахь хүүхдийн нэрийн дансанд хуримтлал хэлбэрээр байршуулахаар төлөвлөж, Ирээдүй өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлээд байгаа ба уг төсвийг нэгдсэн төсвийн бүрэлдэхүүнд хамааруулах зорилгоор Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.


    Түүнчлэн 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэр, зарцуулалтын хуваарилалтад оруулах зарим өөрчлөлтийг Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгажээ.

    Төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин танилцуулсан. Байнгын хороо 2021 оны аравдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаараа төслүүдийг хэлэлцжээ.

    Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүд эдийн засгийн үндсэн үзүүлэлт, орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэрийн зарцуулалтын хуваарилалтад оруулах өөрчлөлтийн талаар, мөн ирээдүйн өв сангийн зарцуулалт, цаашид ямар төсвийн бодлого баримталж ажиллах талаар, ирэх жилүүдийн төсвийн төсөөллийн тооцоолол бодитой эсэх талаар асуулт асууж, хариулт авсан болохыг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023- 2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг саналаар дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

    Сангийн сайдын танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Сангийн сайд, Байнгын хорооны дарга болон ажлын хэсгийн гишүүдээс тодрууллаа.

    Төрийн өмчит компаниудаас авахаар төлөвлөсөн ногдол ашгийн талаар Г.Амартүвшин, Б.Баттөмөр нарын гишүүд тодруулахад, энэ чиглэлд дорвитой өөрчлөлт хийх шаардлага байгаа учир төрийн өмчит компани нэг бүр дээр эрсдэлийн үнэлгээ хийж байгаа, үүнд үндэслэн гурван чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийнэ хэмээн Б.Жавхлан сайд хэллээ. Стратегийн ач холбогдолтой бол төрийн мэдэлд үлдэнэ, эдийн засаг, бизнесийн үр өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилгоор биржээр гаргаж болох бол энэ хэлбэрээр бүтцийн өөрчлөлт хийх аж. Гуравдугаар, төрийн өмчит байх шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд татан буулгах юм байна. Үүний зэрэгцээ төрийн өмчийн талаарх багц хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр төлөвлөж байгаа талаар Сангийн сайд дуулгаад, энэ хүрээнд дээрх асуудлыг нэн тодорхой ярих болно гэлээ. Төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувь манай улсад 38 хувь байгааг Ж.Ганбаатар гишүүн хэлээд, олон улсын дундаж 28 орчим хувь байдгийг хэллээ. Орлого бага олдог манай улсын хувьд өндөр эрсдэл хэмээн тэрбээр хэллээ. Мөн инфляцын төсөөлөл болон бодит байдал хоёр нэн зөрүүтэй байгаа Ж.Ганбаатар гишүүн хэлж байсан. Төсвийн зарлагыг урсгал болон хөрөнгө оруулалтын гэдгээр нь ангилж харах нь зүйтэй гэдэг тайлбарыг Б.Жавхлан сайд хэлсэн. Урсгал зардлын хувьд, ДНБ-тэй харьцуулахад 2016 онд 27 хувь, 2017 онд 25.9 хувь, 2018, 2019 онд 23 хувь, 2020, 2021 онд 30 хувь болсон бөгөөд өргөн мэдүүлсэн төсөлд 28 хувь байгаа хэмээн танилцуулсан. Энэ хувь хэмжээ нь эдийн засгийн ижил бүтэцтэй улс орнуудтай харьцуулахад ойролцоо үзүүлэлт, хөгжингүй орнуудтай харьцуулахад бага үзүүлэлт гэв. Мөн Ж.Ганбаатар гишүүний хэлсэнчлэн, урсгал зардлуудыг тэлдэг хөрөнгө оруулалтуудаас татгалзах нь зүйтэй гэдэг зарчмаар ирэх оны төсвийн төсөлд тусгаад байгаа хэмээн дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Тодруулбал, ирэх онд ЗТЯ, ЭМЯ, ЭХЯ, БХБЯ-ны, эдийн засгийн хөгжлийг дэмждэг, дунд болон урт хугацаандаа өрсөлдөх чадварыг сайжруулах, өртгийг бууруулах дэд бүтцийн чиглэлээрх хөрөнгө оруулалтуудыг түлхүү санхүүжүүлэхээр төлөвлөсөн, нийт хөрөнгө оруулалтын 60 орчим хувь оногдож байгаа гэлээ. Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл төсвийн цагалбар оновчтой эсэх талаар тодруулж, Сангийн сайдаас хариулт авлаа.


    Ийнхүү Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 58.7 хувь нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалтын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ. Иймд төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ

    Дараа нь чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан төсөл санаачлагчийн илтгэлийг, Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.


    Хууль санаачлагчаас 2022 оны төсвийн жилд гадаад, дотоод худалдааг хөнгөвчлөх, экспортыг нэмэгдүүлэх тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж, гаалийн болон мэргэжлийн хяналтын байгууллагын гадаад худалдаа эрхлэгчдээс шаарддаг баримт бичиг, биет үзлэг, шалгалтын тоог бууруулах зорилгоор улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хорио цээр, эрүүл ахуй, чанарын тохирлын хяналт, шалгалт хийх чиг үүргийг гаалийн байгууллагад олгож, холбогдох хуульд заасан хилийн мэргэжлийн хяналтын албаны ажил үүргийг холбогдох байгууллагад шилжүүлэх нь зүйтэй гэж холбогдох хуулийн төслийг боловсруулжээ.

    Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүддээ хуримтлалын ач тусыг ойлгуулж, санхүүгийн баталгаатай, мэдлэг боловсролтой иргэн болж төлөвшүүлэх зорилгоор Ирээдүйн өв санг нэгдсэн төсвийн бүрэлдэхүүнд оруулж, тус сангийн тухайн жилийн орлогын эх үүсвэрийн арилжааны банкан дахь хүүхдийн нэрийн дансанд хуримтлуулах, урт, дунд хугацаанд бэлэн мөнгө тараах халамжийн бодлогоос татгалзаж, хүүхдийн хуримтлалд бүрэн шилжих бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

    Боловсрол соёл, урлаг, нийтийн биеийн тамирын байгууллагыг санхүүгийн хувьд хагас бие даалгаж, үр дүн, чанар, бодит гүйцэтгэлд үндэслэн цалин хөлсийг тогтоох зорилгоор төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн цалингийн доод хэмжээг нь Засгийн газраас тогтоох, хүүхэд хамгааллын үйлчилгээний журам, Засгийн газрын гадаад зээл авах бэлтгэл ажлыг хангахад мөрдөх журмыг тус тус батлах, зээлийн батлан даалтын сангаас Засгийн газраас хэрэгжүүлж буй төвлөрлийг сааруулах, иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд банк санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч урьдчилгаа төлбөргүй, барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа иргэн, хуулийн этгээдэд батлан даалт гаргахыг зохицуулсан холбогдох хуулийн төслийг боловсруулжээ. 


    Монгол Улсын 2022 оны төсвийн төсөлд Засгийн газрын нэмэгдүүлэх өр болон өрийн баталгааны дээд хэмжээг тусгасантай холбогдуулан Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох, Боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлж эхлэхтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд Боловсролын ерөнхий газар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийг, цөлжилтөөс сэргийлзх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг зохицуулалтаар хангах зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын харьяа Ойн судалгаа, хөгжлийн төвийг өөрчлөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн судалгаа, хөгжлийн газар болгон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээнд тус тус байгуулахаар холбогдох тогтоолын төслүүдийг өргөн мэдүүлсэн байна.

    Монгол Улсын Засгийн газраас 2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Төсвийн байнгын хороо 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ.

    Байнгын хорооны хуралдаанаар дээрх хууль, тогтоолын төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс Монгол Улсын 2022 оны төсвийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл тус бүрээр санал хураалгах нь зүйтэй гэсэн санал гарсан тул хууль, тогтоол тус бүрээр хураалгасан байна.

    Хуулийн төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүд Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд орох өөрчлөлт, хохирол нөхөн төлөлтийн талаар, 2022 оны төсвийн тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнө Боловсролын багц хууль батлагдахгүй байх магадлалтай тул төсөвтэй холбоотойгоор багц хуулиас шаардлагатай зарим заалтуудыг 2022 оны төсөвтэй хамт батлах шаардлагатай эсэх талаар асуулт асууж, хариулт авсан гэв.

    Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үед Улсын, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал малын индексжүүлсэн даатгалаас хохирол нөхөн төлдөг асуудлыг дахин судлан үзэж, хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгоход анхаарах, Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, Л.Энх-Амгалан нар төсвийн хэлэлцүүлгийн явцад боловсролын салбарын шинэчлэлтэй холбоотой төсөвт тусгагдсан асуудлаар Байнгын хороо зарим хууль, Улсын Их Хурлын тогтоолыг гаргах шаардлагатай талаар санал гаргажээ.

    Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ургамал хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тзсэрч дэлбэрэх бодис, тзсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Органик хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувиргасан амьд организмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн зарим хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүд болон “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай”, “Төсөв батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай”, “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Харин Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нзмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлзлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн байна.


    Б.Жавхлан сайдын танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг худалдан авах ажиллагааг  үр дүнтэй зохион байгуулахтай холбоотой санал хэлж, Сангийн яам энэ чиглэлээр ямар төлөвлөлт хийснийг тодруулсан юм. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудын бэлтгэл ажлыг шуурхай хангах үүргийг төсвийн захирагч нарт хүргүүлээд байгаа гэв. Шуурхай зохион байгуулалтаар ажилласнаар үнийн өсөлт, улирлын чанартай инфляц зэрэг олон эрсдэлээс сэргийлэх бололцоо бүрдэх бөгөөд энэ жилээс гүйцэтгэлээ эртнээс шахаж явах нь хөрөнгө оруулалтын чиглэлийн төсвийн шинэчлэлийн нэг хэсэг хэмээн Б.Жавхлан сайд хариулт өглөө. Олон улсын түвшинд амжилт гаргасан урлаг, соёлын зүтгэлтнүүдийг спортынхонтой адил урамшуулал, цалин, хангамж олгох эсэх асуудлаарх гишүүний асуултад Соёлын сайд хариулт өгсөн юм. Засгийн газрын 2008 оны 120 дугаар тогтоолоор баталсан журмаар олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож, онцгой амжилт гаргасан соёлын ажилтан, уран бүтээлчдийг урамшуулдаг бөгөөд 2022 оноос Соёл урлагийг дэмжих сан нь уран бүтээлчдийг олон улсын чанартай тэмцээн, уралдаанд ороход нь дэмжлэг үзүүлэх, улмаар мэргэжил дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлдэг болохоор бэлтгэл ханган ажиллаж байгаа гэв. Ж.Ганбаатар гишүүн Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагаатай холбоотой тоон мэдээллийг танилцуулж, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд ямар үндэслэлээр нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөл өргөн мэдүүлснийг тодрууллаа. Тус сангийн дүрмийн санг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн, өөрөөр хэлбэл 1.2 их наяд төгрөгийн баталгаа гаргах бололцоотой болсон байна. Харамсалтай нь үйл ажиллагааных нь хүртээмж хангалтгүй байгаа учраас энэ удаа хүртээмжийг тэлэх, ипотекийн зээл авч буй иргэдийн урьдчилгаа төлбөрийн 60 хувьд Зээлийн батлан даалтын сангаас баталгаа гаргуулах эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа гэлээ.


    Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн зориулалтад өөрчлөлт орсноор иргэдийн амьдралын чанар, өрхийн орлогод ямар өөрчлөлт орох талаар судалгаа хийсэн эсэхийг М.Оюунчимэг гишүүн тодруулав. Одоогоор 1.2 сая хүүхдэд сар бүр 100 мянган төгрөг олгож байгаа бөгөөд цар тахлын нөхцөлд бодлогын дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд 35 хувьд хүрэх магадлалтай байсан ядуурлын түвшинг 21 орчим хувьд барьж чадсан гэх урьдчилсан судалгааг Азийн хөгжлийн банкнаас гаргасан болохыг А.Ариунзаяа сайд мэдээллээ. Ирэх онд “Хуримтлалтай Монгол хүүхэд” хөтөлбөр болгох ч нэн шаардлагатай айл өрхүүд хүсэлтээ гаргасны үндсэн дээр бүрэн болон тал хувиар нь авах боломжийг нээлттэй зохицуулсан гэв. Энэ хүрээнд нийт өрхийн 20-30 хувь нь дээрх хувилбарыг сонгох магадлалтай хэмээн тооцоолоод байгаа аж.

    Ийнхүү төслүүдийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа төслийн хэлэлцэх, эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, М.Оюунчимэг, Б.Саранчимэг нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Дараа нь хууль, тогтоолын төсөл нэг бүрийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм.


    Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Түүнчлэн Төрийн хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ургамал хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Органик хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувиргасан амьд организмын тухай өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Түүнчлэн Нийгмийн халамжийн тухай хуулийн зарим хэсэг, заалтыг  хүчингүй болсонд тооцох тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн олон дэмжсэн. Харин Байнгын хороо Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нзмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг  үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх боломжгүй хэмээн үзсэн ч чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн юм. Үргэлжлүүлэн бусад хуулийн төсөл, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэснээр төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн юм. Үүгээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл