Цэс

Холбоо барих

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн хэлэлцээр /ковид 19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ/-ийг соёрхон баталлаа

Улсын Их Хурлын чуулганы 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаан 10.09 цагт эхэлж Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /ковид 19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ/ -ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.


Хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газар Коронавируст цар тахал /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх, ард иргэдээ хамгаалах, цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах, даван туулах чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. Энэ хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас чанар, аюулгүй байдлыг судлан баталгаажуулж, урьдчилан зөвшөөрөл олгоcон вакцинаас Монгол Улсад импортлох, вакциныг хадгалах хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг шинэчлэх, дархлаажуулалт хийх эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх зэрэгт шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг хөгжлийн түншүүдтэй яриа хэлэлцээ хийж, баталгаажуулаад байна хэмээн танилцуулгын эхэнд дурдав.


Засгийн газрын 2021 оны зургадугаар сарын 23-ны өдрийн хуралдааны 36 дугаар тэмдэглэл, Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны санал, дүгнэлтүүд, Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны долоодугаар сарын 6-ны өдрийн 117 дугаар захирамжийг үндэслэн Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк (АДБХОБ)-ны 21.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх “КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ төсөл”-ийн зээлийн хэлэлцээрт 2021 оны долоодугаар сарын 21-ний өдөр гарын үсэг зурсан байна.

Энэхүү төслийн санхүүжилт нь Монгол Улс, Азийн хөгжлийн банк хооронд 2021 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр байгуулж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2020 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр соёрхон батлагдсан “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн хүрээнд Азийн хөгжлийн банк /АХБ/-тай 2021 оны тавдугаар сарын 28-ны өдөр байгуулж, хэрэгжүүлж эхлээд байгаа “КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээг дэмжих төсөл”-ийн  хамтарсан санхүүжилт юм гэлээ.

Төслийн хүрээнд ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн, хатуу зохицуулалттай улс орноос яаралтай нөхцөлд ашиглах зөвшөөрөл авсан, эсхүл КОВАКС хөтөлбөрийн хүрээнд зөвшөөрөгдсөн Ковид-19-ийн эсрэг вакциныг худалдан авах, олон улсын тээвэрлэлтийг санхүүжүүлэх бөгөөд АДБХОБ-ны эх үүсвэрийн 50 хүртэл хувиар БНХАУ-ын ВероСелл вакциныг худалдан авсан зардлыг нөхөн санхүүжүүлэх юм байна. АДБХОБ-ны хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, үүнээс эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм байна.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан танилцууллаа.


Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Х.Баделхан зээлийн хэлэлцээрийн төслийн эх үүсвэрийн нөхцөлийн талаар, УИХ-ын гишүүн Д.Ганбат зээлийн төслийн зарцуулалт, зориулалт, вакцины хадгалалт, тээвэрлэлт, үр дүн, чанарын талаар, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан КОВИД-19-ийн цар тахлын вакцины нийт зарцуулалт, хэдэн хувийг зээлийн эх үүсвэрээс санхүүжүүлсэн, мөн зээлийн хэлэлцээрийн төслийн зарцуулалт, вакцины чанар, аюулгүй байдлын талаар, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны зээлийн хүүгийн талаар, вакцины үнэ, цаашид авах вакцины хэмжээ, төрлийн талаар асуулт асууж, хариулт авсан гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар бага хүүтэй, хөнгөлөлттэй, урт хугацаатай зээл авах хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд Засгийн газрын өрийн тааз зээл авах бололцоотой байгаа, Өмнөговь аймгийн Цагаанхад суурьшлын бүсэд шинжилгээ авахад ашиглаж байгаа оношлуур, техник, төхөөрөмжийг бусад боомтод ашиглаж байгаа оношлууртай ижил болгох, авч байгаа шинжилгээний хариу үнэн, зөв гарч байгаад хяналт тавих, баталгаажуулах, мэдээ, мэдээллээр хангахад анхаарах, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан олон улсын байгууллагаас хөнгөлөлттэй, бага хүүтэй, урт хугацаатай зээл авч байгаад талархал илэрхийлээд хэлэлцээрийн төсөлд тусгасан заалтуудыг эргэн нягтлах, зээлийн зориулалт, зарцуулалт, боомтууд дээр ашиглаж байгаа техник, тоног, төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, төсөлд тусгасан тээвэрлэлтийн нөхцөл дээр анхаарах, УИХ-ын гишүүн Н.Энхболд зээлийн хэлэлцээрийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, вакцины талаарх мэдээллийг иргэдэд үнэн зөв ойлгуулахад анхаарах, Эрүүл мэндийн яам КОВИД-19 цар тахлын эсрэг эм гарч байгааг эртнээс судлах, эмийг захиалахад анхаарах, вакцин хийж эхэлснээс хойших бүх зарцуулалтын тайлангаа тавих, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Эрүүл мэндийн яам вакцины бодлогоо тодорхой болгох, эмийн худалдан авалтыг эмийн компаниудад олгохгүйгээр төр өөрөө худалдан авалт хийдэг байх, УИХ-ын гишүүн Д.Ганбат КОВИД-ийн хуулийн хэрэгжилт, өмнө авсан зээлийн зарцуулалтын тайланг нээлттэй сонсох гэсэн саналыг тус тус гаргасан хэмээн танилцуулав. Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, соёрхон батлах нь зүйтэй гэж үзжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, энэ банкнаас өмнө нь зээл авч байсан эсэхийг лавлаад зээлийн хэрэгжилтийн талаар тодруулсан. Мөн ковидын өвчлөлтэй холбоотой АХБ-наас зээл авч байсан. Ковидтой холбоотой олон улсын байгууллагуудаас авсан зээлийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөхийг хүссэн.


Сангийн сайд Б.Жавхлан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны хувьцааг Монгол Улс эзэмшдэг гээд тус банктай олон төсөл, хөтөлбөр дээр судалгааны түвшинд хамтран ажиллаж байгаа, цаашид хамтын ажиллагаа өргөжинө гэж бодож байна гэлээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, АХБ-наас авсан зээлийн санхүүжилтээр ковидын хариу арга хэмжээ, бэлэн байдлыг хангах чиглэлээр 21 аймаг, есөн дүүрэгт эмнэлгийн багаж хэрэгсэл худалдан авсан, эмнэлгүүд ашиглаж байгаа. Вакцины иж бүрэн агуулах ашиглалтад оруулсан, эм эмнэлгийн хэрэгслийн агуулах баригдаж байгаа. Удахгүй ашиглалтад орно. Шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг авч байгаа. Зээлийн хэрэгжилт сайн явж байгаа гэсэн хариулт өгсөн.  

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Одоо ямар хэмжээний вакцин авахаар төлөвлөж байгаа, үүнд хэдэн төгрөг зарцуулах вэ. Ямар вакцин худалдан авахыг хэн шийддэг юм бэ гэсэн асуулт тавьсан.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, вакцины төлөвлөлтийг ЭМЯ мэргэжлийн байгууллагуудтай хамтран гаргадаг хэмээн хариулав. Энэ хөтөлбөрийн хүрээнд нийт хүн амын 20 хувийг вакцинжуулах бөгөөд төлөвлөлтийг Засгийн газраас батлуулж, төлөвлөлтийн дагуу вакцинаа татаад явж байгаа гэлээ. Нөөцөд 1 сая 700 мянган тун файзер вакцин, 890 мянган тун веросел вакциныг агуулахад хадгалж байгаа. Цаашид гурав дахь тунгийн дархлаажуулалтыг эрчимтэй хийхээр төлөвлөөд явж байна гэсэн мэдээллийг өгсөн.


Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Пүрэвдорж, Д.Ганбат, Б.Бат-Эрдэнэ, Г.Ганболд, Т.Аюурсайхан, Ц.Туваан, Х.Болорчулуун, Б.Баярсайхан, Ж.Чинбүрэн, С.Чинзориг, Ц.Мөнхцэцэг, Б.Бейсен нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /ковид 19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ/-ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар баталлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Дараа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр танилцуулав.


Хэргийн бодит байдлыг тогтоох, оролцогчдын эрхийг хангах, хэргийг буруу тусгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн алдааг засах, дутуу хийсэн мөрдөн шалгах ажиллагааг нөхөж хийх зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэг, мөн хуулийн 33 3 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хэргийг прокурорт буцаах зохицуулалтыг хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт, 40.8 дугаар заалтын дагуу шүүхийн шатанд болон давж заалдах, хяналтын шатны шүүхээс хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах зохицуулалтыг хүчингүй болгох хуулийн төслийг санаачлан боловсруулах шаардлагатай гэж хууль тогтоогчийн хувьд үзэж байгаагаа илэрхийлсэн.

Хэрэв шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх шаардлагатай болсон, эсхүл хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан болон нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журам зөрчигдсөн талаар талуудын гаргасан гомдлыг шийдвэрлэх нөхцөлд шүүх хэрэг хянан хэлэлцэхийг нэг удаа 30 хүртэл хоногоор хойшлуулж, шаардлагатай ажиллагаа явуулахыг прокурорт даалгах нарийвчилсан зохицуулалтыг шинээр нэмэх нь зүйтэй гэж үзжээ. Ийнхүү прокурор шүүхээс тогтоосон хугацаанд эдгээр ажиллагааг явуулснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлэгдэхгүй өнгөрдөг байсан асуудлыг бодитойгоор хэлэлцэх боломж бүрдэх ач холбогдолтой гэдгийг тэрбээр онцолсон.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан хууль зүйн есөн үндэслэлийг дэлгэрэнгүй тайлбарласан юм. /Төслийн танилцуулгыг эндээс үзнэ үү/

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар танилцууллаа.  

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хуулийн төсөлд хэргийг буцаахгүй байхаар тусгасан байх бөгөөд ингэснээр бусдад ял завших боломж үүсгэх эсэх талаар, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдааныг нэг удаа 30 хүртэл хоногоор хойшлуулж шүүгдэгчид зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлт гаргуулах ажиллагааг прокурорт даалгах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бие даасан үе шатуудыг зөрчиж, хуулийн зөрчил үүсгэж болзошгүй талаар, түүнчлэн шүүх хуралдааны явцад гэрч, хохирогч нь мэдүүлгээсээ татгалзах, эсхүл өөрчилсөн тохиолдолд хэрхэх талаар асуулт асууж, хариулт авсан гэлээ.


УИХ-ын гишүүн Н.Учрал хууль хяналтын байгууллагын албан хаагчид хэргийн бодит байдал, нотлох баримтыг бүрэн үнэлэхгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлж бусдад ял завших боломж олгох асуудлыг зогсоох, нотлох баримт хангалтгүй гэж үзсэн тохиолдолд прокурор хэргийг хэрэгсэхгүй болгох эрхтэй тул шүүхийн шат руу шилжүүлэхгүйгээр шийдвэрлэх, түүнчлэн хэргийг зөвхөн анхан шатны шүүхээс буцаадаг байхаар зохицуулах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа хууль батлагдсанаар ял завших боломжийг олгох, хүнийг хилс хэргээр шийтгэх, хэргийн бодит байдлыг тогтоохгүй байх зэрэг сөрөг үр дагавар үүсэж болзошгүй хэмээгээд Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг хэлэлцүүлгийн үед харгалзан үзэх нь зүйтэй хэмээсэн байна. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг мөрдөн шалгах, хяналт тавих, шүүн таслах чиг үүрэгтэй хууль хяналтын байгууллагуудын хууль хэрэглээний нэгдмэл байдал хангагдах хүртэл хэргийг анхан шатны шүүхээс буцаадаг зохицуулалтыг төсөлд тусгах талаар, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд олны анхаарал татсан хэргүүд шүүхийн шат руу шилжихгүй байх магадлалтай, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн дараагаар орох томоохон хууль тул хуулийг хэрэгжүүлэгч байгууллагуудын оролцоог хэлэлцүүлгийн шатанд хангаж ажиллах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлжээ. УИХ-ын гишүүн Д.Ганбат хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байгаа тул хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж байна гэсэн бол УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил холбогдох байгууллагуудын саналыг авч, тэдгээрийн оролцоог ханган ажиллах шаардлагатайг онцолж, хэргийн хохирогч давхар хохирч, гэмт хэрэг үйлдсэн этгээд хууль хяналтын байгууллагын албан хаагчидтай тохиролцон ял завших боломж үүсэж болзошгүй талаар, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан санаатайгаар нотлох баримтыг дутуу бүрдүүлэх, шүүхийн шатанд нотлох баримтыг гаргаж өгөх, гэм буруугаа хүлээх зэрэг асуудлууд үүсэх боломжтойг анхааруулж, хэлэлцүүлгийн шатанд хуулийн төслийг олон талаас нь нягтлан үзэх шаардлагатай гэсэн санал хэлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 76.9 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл