Цэс

Холбоо барих

УИХ-ын гишүүн Ж.Батзандан газрын маргаантай асуудлаар тайлбар авах хэлэлцүүлэг зохион байгууллаа

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан өнөөдөр /2017.04.04/ Төрийн ордонд газрын маргаантай холбоотой асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Баянзүрх дүүргийн  11 дүгээр хорооны 9, 10 дугаар хэсгийн 182 өрх айлын газрыг дайруулан Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэл 20.9 км зав тавих болсон тул дээрх өрх айлыг нүүлгэснээр газрын гэрчилгээгүй өрх нь нөхөн олговор хүртэхгүй, хохироход хүрч буй юм байна. Тиймээс 9, 10 дугаар хэсгийн өрх айлуудын төлөөлөл 20 гаруй иргэнийг сонсох, холбогдох байгууллагын албан тушаалтнуудыг байлцуулан талуудаас тайлбар авах, тайлбарт үндэслэн маргаантай асуудлаар шийдэлд хүрэх зорилго бүхий хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.


УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн тойрогт дээрх өрх айлууд харъяалагддаг бөгөөд арга мухардахдаа тойргоос сонгогдсон гишүүндээ хандаж байна хэмээн иргэд тайлбарлав.

Иргэд “2017 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэл 20.9 км зав тавих болсон тул газар чөлөөлөх захирамж өгсөн. Өмнө нь өөр газраар зам тавих байснаа өөрчилж, бидний газрыг дайрууллаа, энэ газар дээрээ 10 гаруй жил амьдрахдаа газрын гэрчилгээ хөөцөлдсөн ч авч чадаагүй, аж ахуйн нэгж, компаниудад бол га га-гаар нь өгдөг” гэж ярив.


Харин холбогдох байгууллагын албан тушаалтнууд ундны усны эрүүл ахуйн бүсэд байдаг учир газрын гэрчилгээ олгох боломж байдаггүйг тайлбарласан.

Төгсгөлд нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан иргэдийг ямар ч тохиолдолд хохироолгүй, нүүлгэн шилжүүлж өөр газар суурьшуулах, бололцоотой хэсэгт нь газрын маргааныг арилгах гэхчлэн асуудлаар Улаанбаатар хотын удирдлага, Засгийн газарт хандан шийдвэр гаргуулахаа хэлснээр хэлэлцүүлэг өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл