Цэс

Холбоо барих

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан ОУПХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн хуралд оролцлоо

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны 142 дугаар Ассамблейн Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэг (ЕНБДН)-ийн цахим хуралд оролцлоо.

“Цар тахлын үеийн парламентуудын үүрэг, зохион байгуулалт” сэдвийн дор хоёр өдрийн турш үргэлжилсэн уг цахим хуралд 110 гаруй төлөөлөгч оролцож, “Ковид-19” цар тахлын онцгой нөхцөлд парламентаас авч хэрэгжүүлсэн шинэлэг арга хэмжээ, хууль тогтоох үйл явцад гарсан өөрчлөлтүүдийн талаарх туршлагаасаа хуваалцаж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.


Тухайлбал, Испани, Алжир, Мадагаскар улсууд цар тахлын үед парламентын хуралдааныг цахимжуулахад зориулсан тусгай журмуудыг баталж, тодорхой хуулиудад өөрчлөлт оруулсан байна. Харин Суринам, Румын, Катар, Өмнөд Африк зэрэг улсад танхимын болон зайн хуралдааны хэлбэрийг хослуулж байгаа бол Бразилд парламент, түүний Тамгын газрын үйл ажиллагааг цахимжуулж, цахим гарын үсгийн системийг бүрэн нэвтрүүлжээ. Ингэхдээ вебсайтаа шинэчилж, сүүлийн 10 гаруй жилийн баримт бичгүүдээ цахим хэлбэрт хувиргаад байгаа ажээ.

Дэлхийн улс орнуудын парламентуудын үйл ажиллагаанд цахим шилжилтүүдийг амжилттай нэвтрүүлсэн ч техникийн зарим хүндрэл гарч байгааг мөн хуралдааны үеэр хөндлөө. Цар тахлын үеэр дижитал технологийг ашиглан парламентын үйл ажиллагааг дэмжих нь хуралдааны ирц нэмэгдэх, хуралдааны дэг сайжрах, төсөв санхүү, цаг хугацаа хэмнэх зэрэг эерэг нөлөө үзүүлж байгааг хүлээн зөвшөөрч байгаа юм. Нөгөө талаар санал хураалтын үнэн бодит байдал, технологийн нууцлалын асуудлыг шийдэх, хүний эрхийн зөрчлийг арилгах шаардлага байгаатай оролцогчид санал нэгдэж байлаа.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан тус хуралд илгээсэн илгээлтдээ, "Монгол Улсын парламент КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг 2020 онд баталсан. Улсын хэмжээнд хорио цээр, хязгаарлалтын хатуу дэглэм тогтоосон нөхцөлд парламентын бүхий л хуралдааныг цахимаар зохион байгуулснаар хууль тогтоох үйл ажиллагааг бүрэн цахим хэлбэрт амжилттай шилжүүлсэн. Улмаар анх удаагаа 2021 оны улсын төсвийг дотоодын хууль тогтоомжид заасан хугацаанд багтаан цахимаар баталсан. Түүнчлэн Монгол Улсын Их Хурал болон түүний Тамгын газрыг дотоод сүлжээний цогц системд холбон дотоод ажлын уялдаа, хяналтыг нэмэгдүүлэх, парламентын гишүүд болон ажилтнуудын цагийг хэмнэх, мэдээллийг цаг тухайд нь шуурхай түгээх цахим системийг амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна. Монгол Улсын Их Хурал үйл ажиллагаандаа иргэд, олон нийтийг оролцоог хангах хүрээнд зөвлөлдөх санал асуулга, нийтийн сонсгол, уулзалт, зөвлөгөөн, хэлэлцүүлэг зохион байгуулах, хуулийн төсөлд бичгээр болон цахимаар санал өгөх, хуулийн төслийн ажлын хэсэгт оролцох “Lawmaker”, “Lawforum” платформуудыг нэвтрүүлсэн. Мөн иргэдийн парламентын боловсролд зориулсан цогц хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна" хэмээн дурджээ.

Улсын Их Хурлын Парламентын судалгааны хүрээлэнгээс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан парламентын боловсролын гарын авлагыг боловсруулж байна. Уг гарын авлагыг 12-14 нас, 15-17 нас гэсэн хоёр ангилалаар гаргах бөгөөд парламентын үйл ажиллагааны онцлог, ардчиллын зарчим, үнэт зүйл зэрэг нийт 12 сэдвийн хүрээнд мэдлэг олгох юм. Түүнчлэн парламентын боловсролд зориулсан контентыг түгээх вебсайтыг хөгжүүлж байна.

ХБНГУ-ын хувьд парламентын боловсролд голлон анхаарч, тусгай хөтөлбөрийн дагуу ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран цахим семинарыг явуулж эхэлжээ. Түүнчлэн Кени, Бразил улсууд цар тахлын үед Засгийн газрын үйл ажиллагаанд тавих парламентын хяналтыг сайжруулсаар байгаа гэлээ. Тайланд улс цахим технологийг өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтрүүлсэн ч Үндсэн хууль болон парламентаар хэлэлцүүлэх гол асуудлуудад цахимаар санал хураалт явуулахгүй байх шийдвэрийг гаргасан байна.

ОУПХ-ноос цар тахлын нөхцөлд парламентуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, тулгарсан бэрхшээлийг олж илрүүлэхэд зориулсан парламентын хяналтын болон өөрийн үйл ажиллагааг үнэлэх арга хэрэгслийг тодорхойлох хөтөлбөрүүдийг боловсруулж эхэлжээ. Мөн тус холбооноос Инновац, шинжлэх ухааны төвийг шинээр байгуулсан талаар ОУПХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгон танилцуулав.

“Цар тахлын үеийн парламентуудын үүрэг, зохион байгуулалт” сэдэвт ОУПХ-ны 142 дугаар Ассамблейн Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн цахим хурлаар ЕНБДН-ийн цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг асуудлыг хэлэлцлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 

 

    

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл