Эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт Хоршооны тухай хууль (Шинэчилсэн найруулга) болон хамт өргөн мэдүүлсэн Хоршооны тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудыг нийтэлсэн. 8 бүлэг, 56 зүйлтэй Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгад, хоршоо хуулийн этгээдийнхээ хувьд Иргэний хуульд тодорхойлсон өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдэл байх зохицуулалтыг тусгажээ. Хоршооны өөрийн хөрөнгийн зохицуулалтыг тодорхой болгосноор хуулийн этгээдийнхээ хувьд арилжааны банк болон бусад зээлдэгчдээс зээл авах эрх зүйн үндэс бүрдэж буй нь цоо шинэ эрх зүйн зохицуулалт болсон байна. Ингэснээр хоршоо бие даан хөгжиж, үр дүнд нь ажлын байр нэмэгдэхийн зэрэгцээ хоршоодын үйл ажиллагаагаар дамжуулан орон нутагт хоршооллын хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлэхэд түлхэц болох ач холбогдолтой аж.
Уг хуульд хоршооны эрсдэлийн удирдлагыг шинэ төвшинд гаргасан хоёр заалтыг тусгажээ. Тухайлбал, Хоршоо үйл ажиллагаа явуулахдаа гишүүдийнхээ дундын эд хөрөнгөнд хамтын удирдлагын зарчмыг хэрэгжүүлэх явцад үүсэж болох аливаа санхүүгийн хүндрэлийг хохирол багатай даван туулахад бодлогоор дэмжих зорилгоор “Болзошгүй эрсдэлээс хамгаалах сан” болон “Хоршооны хөгжлийн сан”-д тодорхой хөрөнгө төвлөрүүлэх боломжтой болсон байна. Хоршоо нь гишүүдийнхээ бусдын өмнө хүлээх үүргийг хариуцахгүй, мөн хоршооны гишүүн нь хоршооны хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү хоршоонд оруулсан хувь хөрөнгөөрөө хариуцлага хүлээхээр зохицуулжээ. Түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зохицуулалтыг холбогдох хуульд тусгасан байна. Хоршоо гишүүдийнхээ барааг дотоодын үйлдвэрлэгчдэд “зуучлан борлуулсан” бол “дамжуулан борлуулсанд” тооцохгүй байхаар зохицуулалтыг нэмж оруулжээ. Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар орон нутаг дахь малчид, тариаланчид үндэсний үйлдвэрлэгчдэд ямар нэг дундын зуучлалгүйгээр борлуулж, үүний үр дүнд үндэсний үйлдвэрлэгчид аль болох хямд бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд нийлүүлэх, худалдаалах боломж бүрдэх төдийгүй хууль хэрэгжсэнээр хоршооны хөгжлийг шинэ түвшинд гаргахад эрх зүйн тулгуур болж, олон улсын хоршооллын хөдөлгөөнийг улс орон даяар дэлгэрүүлэхэд хөшүүрэг болох, хоршоо бие даан хөгжих нөхцөл хангагдах, хоршин, хамтарч ажиллах замаар ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, улмаар орон нутгийн хөгжлийг дэмжихэд бодитой хувь нэмэр оруулах боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой аж.
Мөн энэ дугаарт Монгол Улсын Их Хурлын тогтоолууд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг тус тус нийтэлсэн. Тухайлбал, “Ерөнхийлөгчийн хоригийн тухай” Улсын Их Хурлын тогтоолд Монгол Улсын Их Хурал 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж тусгасан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.