Эмхэтгэлийн шинэ дугаарт Эх хэлний өдөр зарлах тухай Монгол Улсын
Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэлжээ.
Ерөнхийлөгч зарлиг гарган Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа болсон язгуур соёл, өв уламжлал, төрт ёсны түүхээ дээдлэн хамгаалж, төрийн албан бичиг баримтыг хуульд нийцүүлэн хөтлөх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр эх хэл, түүх соёлоо сурталчлах, иргэн бүр төрөлх монгол эх хэлээрээ зөв ярьж, зөв бичих бүх ард түмний хөдөлгөөн өрнүүлэх зорилгоор жил бүрийн 9 дүгээр сарын 01-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон зарласан байна.
“Эх хэлний өдөр”-ийг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд бүх нийтээр монгол хэлний хэм хэмжээг дагаж мөрдөх, төрийн болон захиргааны албан бичиг хэрэг хөтлөлтийг монгол хэлний зөв бичих дүрэм, орчин цагийн утга зохиолын монгол хэлний хэм хэмжээнд нийцүүлэх, монгол хэл бичиг, кирил үсгийн дүрмээ сурч судлах, өвлөх, өвлүүлэх, эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх талаар санаачилга гарган ажиллахыг уриалжээ. Мөн “Эх хэлний өдөр”-ийг угтаж, олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагууд эх хэлээ сурталчлах, түүгээр бахархах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн эх хэл соёл, түүх,зан заншил, өв уламжлалын тухай мэдээ мэдээлэл, нийтлэл, нэвтрүүлгийг орон даяар нэвтрүүлэхийг хэвшүүлж ажиллахыг уриалсан байна.
Түүнчлэн Монгол Улсын их, дээд сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд жил бүрийн “Эх хэлний өдөр”-ийн хичээлийн нэгдүгээр цагийг монгол хэл, монгол уран зохиол, Монголын түүхийн хичээлийн сэдэв агуулгад багтаан явуулахыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад даалгажээ.
Мөн дугаарт Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг нийтэлжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.