Эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 04 дүгээр дүгнэлт болон эл дүгнэлтийг хэлэлцсэн талаарх Улсын Их Хурлын тогтоолын хамт нийтэллээ. Үндсэн хуулийн цэц 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтад “тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаархи гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол;” гэж, 34.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх маргаан Үндсэн хуулийн цэцэд үүссэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ.” гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “ … тэгш байдал …-г хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасныг зөрчсөн байна гэж шийдвэрлэсэн. Уг дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцэн хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэнийг тогтоолд тусгажээ.
Мөн энэ дугаарт Засгийн газрын "Журам батлах тухай" тогтоолыг нийтэлсэн. Дэлхийн худалдааны байгууллагын “Хамгаалалтын арга хэмжээний тухай хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх уг журам нь Монгол Улсад аливаа бараа үнэмлэхүй, эсхүл харьцангуй үзүүлэлтийн хувьд өсөн нэмэгдсэн хэмжээгээр импортлогдож, энэ нь ижил бараа, эсхүл шууд өрсөлдөх барааны дотоодын үйлдвэрлэлд ноцтой хохирол учруулсан, эсхүл учруулах бодит эрсдэл бий болсон эсэхийг Дэлхийн худалдааны байгууллагын "Хамгаалалтын арга хэмжээний тухай" хэлэлцээрийн хүрээнд хянан магадалгаа хийх, хамгаалалтын арга хэмжээ хэрэглэхтэй холбогдсон харилцааг зохицуулах аж. Цаашлаад журмаар хянан магадлуулах хүсэлт гаргах, хянан магадлагаа хийх, хянан магадлагааны дүгнэлт гаргах, хамгаалалтын түр арга хэмжээ, эцсийн дүгнэлт болон хамгаалалтын арга хэмжээ хэрэглэх, түүний үргэлжлэх хугацаа, хянан үзэх, сунгах хүсэлт гаргах, хамгаалалтын арга хэмжээг сунгах эсэхийг хянан магадлах, шийдвэрлэх, дахин хэрэглэх эсэхтэй холбоотой харилцааг хэрхэн нарийвчлан зохицуулсантай дэлгэрэнгүй танилцах боломжтой гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.