Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Д.Цогтбаатар нар өнөөдөр (2021.05.17) Олон улсын худалдааны асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын цахим семинарт оролцлоо.
Гурван өдөр үргэлжлэх уг арга хэмжээг Дэлхийн худалдааны байгууллага болон Сингапур Улсын Ражаратнам олон улс судлалын сургуулиас зохион байгуулж байгаа бөгөөд Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг (АСЕАН)-ийн гишүүн орон болон Ази, Номхон далайн орнуудын 40 гаруй парламентчид чуулж байна.
Бүс нутгийн хууль тогтоогчдыг нэгдсэн ойлголтоор хангах зорилготой уг семинараар Дэлхийн худалдааны байгууллага болоод олон улсын худалдааны өнөөгийн болон ойрын ирээдүйд хэрэгжих хэлэлцээрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцлоо.
Дэлхийн худалдааны байгууллагын Ерөнхий захирал Др. Нгози Оконжо-Ивиила, Ражаратнам олон улс судлалын сургуулийн дэд захирал, Элчин сайд Онг Кенг Ён нар мэндчилгээ дэвшүүлсэн бол Сингапур Улсын парламентын дарга Тан Чуан-Жин семинарыг нээж үг хэлэв.