Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2021 оны 18 дугаарын тойм


    Эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиудыг нийтлэв. Эдгээр хуульд импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг гаалийн албан татвараас 100 хувь хөнгөлж, НӨАТ-аас чөлөөлөхөөр тус тус тусгасан байна. Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл дагаж мөрдөхийн зэрэгцээ хуулийн үйлчлэл дуусах хүртэлх хугацаанд импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодист тухайн онд ногдуулан төлсөн гаалийн албан татварыг төсвийн дараагийн жилийн эхний улиралд татвар төлөгчид буцаан олгохоор зохицуулсан байна. 

    Мөн шинэ дугаарт “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн талаарх Улсын Их Хурлын тогтоол, Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг эгүүлэн татсан тухай болон Булган, Дархан-Уул, Төв, Сүхбаатар, Увс, Хэнтий, Ховд, Дорноговь, Орхон аймаг дахь сум дундын эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд зарим шүүгчийг тус тус шилжүүлэн томилсон талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудтай дэлгэрэнгүй танилцах боломжтой.

    Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын “Журам шинэчлэн батлах тухай” тогтоолыг нийтэлсэн. Тогтоолын хүрээнд “Улсын аварга малчин өрх, улсын хошой аварга малчин өрх”, “Улсын аварга фермер, “Улсын аварга саальчин, “Улсын аварга тариаланч хамт олон”, “Улсын аварга тариаланч шалгаруулах” зохицуулалтуудыг шинэчлэхийн зэрэгцээ малын тоог бэлчээрийн даацад тохируулан бэлчээрийг зохистой ашигласан, малын чанарыг сайжруулж нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэн, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд малаа бүрэн хамруулсан, эрүүл чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, тэдний нийгэмд оруулж байгаа хувь нэмэр зэрэг шалгуур үзүүлэлтээр орон нутагтаа тэргүүлсэн малчин өрх, саальчин, фермерийг шалгаруулан шагнан урамшуулж байхыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосон байлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл