Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ноос зохион байгуулсан Залуу парламентчдын форумын ээлжит цахим хуралдаан өнөөдөр (2021.05.13) болж, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа Монголын парламентыг төлөөллөө.
Хуралдаан 142 дугаар Ассамблейн ажилд залуучуудын хандлагыг нэмэгдүүлэх, хувь нэмэр оруулах үндсэн сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан ба залуучуудын эдийн засгийн чадавхжилт, боловсрол, эрүүл мэнд, улс төрийн оролцоонд үзүүлж буй КОВИД-19 цар тахлын үр нөлөөг хэлэлцлээ.
Залуу парламентчдын форумын Ерөнхийлөгч Мэлвин Бөүва хийсэн мэдээлэлдээ, дэлхийн улс орнуудын парламентчдын 2,6 хувь нь л 30-аас доош настай байгаа нь улс төр дэх залуусын оролцоо бага байгааг харуулж байна. Иймд бид залуу төлөөллийг чадавхжуулах, тэдний дуу хоолойг парламентын түвшинд хүргэх, парламентын үүрэг, оролцоог олон нийтийн сүлжээнд таниулах ажилд түлхүү анхаарах хэрэгтэй гэж зөвлөж байв.
Цар тахлын дараах улс төрийн төлөвлөгөөнд залуусын оролцоог тэргүүн чиглэлд тавих, залуучуудыг дэмжих үүднээс залуучуудад чиглэсэн бодлого, хууль тогтоомж, төсвийн хуваарилалтыг хангах арга зам, стратегийг тодорхойлоход уг хуралдаан ихээхэн ач холбогдолтой боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.