УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Г.Тэмүүлэн нар өнөөдөр (2017.10.27) ОХУ-ын Дубна хотын Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн Гадаад харилцааны газрын дарга Д.В.Каманин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад тус институтийн Нейтроны физикийн лабораторийн салбарын эрхлэгч А.В.Белушкин, Цөмийн асуудлын лабораторийн салбарын эрхлэгч Н.А.Русакович нар байлцсан юм.
УИХ-ын гишүүн Н.Оюундарь уулзалтын эхэнд Д.В.Каманин тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд “Дубна хотын Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийг байгуулсан цагаас хойш Монголын үе үеийн урдаа барьдаг физикийн эрдэмтэн, судлаачид ажиллаж байсан түүхтэй. Бид цаашид тус институтийн судалгаа шинжилгээний ажилд монгол эрдэмтдийг оролцуулах, урт хугацаагаар ажиллалуулах, физикийн шинжлэх ухаан, цөмийн судалгаа, технологийн талаарх монгол хүүхдүүдийн мэдлэгийг дээшлүүлэх үүднээс мэдээлэл солилцох, түгээх ажлыг хамтран хийх хүсэлтийг Та бүхэнд тавьж байна” гэв.
Ноён Д.В.Каманин УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Г.Тэмүүлэн нарт талархал илэрхийлээд дээрх хүсэлтэд анхаарахаа илэрхийллээ.
Ирэх жил Монгол Улсад “Орчин үеийн байгалийн шинжлэх
ухааны ололтууд болон боловсрол, шинжлэх ухааны мэдлэг дэх шинэ технологи”
сэдэвт олон улсын хурал зохион байгуулагдах бөгөөд энэхүү хурлыг зохион
байгуулахад Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас дэмжиж ажиллахыг ноён Д.В.Каманин
хүслээ.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн залуучуудын байгууллагыг удирдан ажилладгаа дурдаад дээрх олон улсын хурлыг зохион байгуулахад монгол залуус дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах боломжтой гэдгээ ноён Д.В.Каманинд дуулгалаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.