Цэс

Холбоо барих

Хууль зүйн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэнгүй


Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2017.10.27) хуралдаж, Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 6 дахь дэд заалтад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр тогтлоо. Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улсын Их Хурлын шийдвэрт тавьсан хоригийн талаар бүлэг зайлшгүй хэлэлцэх шаардлагатай гэсэн үндэслэлээр тав хоногийн завсарлага авч буйгаа мэдэгдэв. Харин Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьсан бол Улсын Их Хурал түүнийг чуулганы үеэр 14 хоногийн дотор, чуулганы чөлөөт цагт хориг тавьсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 10 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж тогтоол батална” хэмээн заасан байдгийг Байнгын хорооны дарга дурдаад “Засгийн газраас ирэх оны төсвийн тухай хуулийг өргөн мэдүүлэх, түүнийг Улсын Их Хурал хуулийн хугацаанд хэлэлцэх ёстой энэ үед Засгийн газрын танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах  шаардлага бий, Сангийн сайдгүй байж болохгүй. Үүний  хор уршиг нь Монгол Улсад тусна. Тиймээс Улсын Их Хурал дахь АН-ын бүлэгт тус асуудлыг хэлэлцэх нэг цагийн завсарлага өглөө” гэв.


Ийнхүү Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14 цаг 51 минутад 61.1 хувийн ирцтэйгээр үргэлжилж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн талаарх хэлэлцүүлгийг хийлээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хоригийн талаар хуралдаанд танилцуулсан юм. Монгол Улс дэд бүтэц, уул уурхайн салбар дахь ашиг сонирхол, авлигаар холбогдсон гучин гэр бүлийн хяналт дарангуйлалд бүрэн автаж, аливаа төсөл, хөтөлбөр тэдэнд ашиггүй бол гацдаг, гацаадаг бөгөөд Монголчуудын хүртэх ёстой ашгийг зөвхөн тэд л хүртдэг хэн бүхэнд ил болсон тогтолцоотой болоод удаж байгаа хэмээн танилцуулгад дурдлаа.


Эдгээр гучин гэр бүлийн төлөөлөл болсон Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар томилсон Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 6 дахь дэд заалтад Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн хэсэгчлэн хориг тавьж байгаа гэв. Мөн Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаар томилогдсон даруйдаа төрийн албан хаагчдад 300.000 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгох байдлаар тавин таван тэрбум төгрөг тараах санал гаргаж байгаа нь хориг тавих өөр нэг үндэслэл болсон хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулав.


Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд тодруулга хийсний дараа Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ. Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дээрх хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.  
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл