Цэс

Холбоо барих

НББХ: Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар бууруулахтай холбоотой хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

    Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.05.25/ хуралдаан 12.40 цагт ирц бүрдсэнээр эхлэв. 


    Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин нарын долоон гишүүн 2021.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг, мөн Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин нарын таван гишүүн 2021.05.13-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөснийг Байнгын хорооны дарга М.Оюунчимэг танилцуулав. 

    Эхлээд Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар бууруулахтай холбоотой зохицуулалт бүхий Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, М.Оюунчимэг нар асуулт асууж, хариулт авав. Улсын Их хурлын гишүүн Ц.Сандаг-Очир хууль батлагдсанаар үүсэх төсвийн эх үүсвэрийн дутагдлыг хэрхэн арилгах талаар тодруулж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яамны Ажлын хэсгээс хариулт авлаа.  

    Дараа нь Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар бууруулахтай холбоотой зохицуулалт бүхий хуулийн төслийн үзэл баримтлалтай нийцүүлэн өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн талаар Байнгын хорооны дарга танилцуулав. 

Коронавируст цар тахал дэгдсэнтэй холбогдуулан 2021 оноос ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэл тус бүр 9.5 хувь болон нэмэгдсэн нь аж ахуйн нэгж, иргэний орлогод нөлөөлж байгааг үндэслэн Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин нарын долоон гишүүн 2021.05.04-ний өдөр Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн бөгөөд энэхүү хуулийн төслийн үзэл баримтлалтай нийцүүлэн ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийн үйлчлэлийн хугацааг зохицуулж буй Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүсчээ. 

    Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэх зохицуулалтын дагуу төслийг зүйл бүрээр нь хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явууллаа. Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, С.Чинзориг нар Төслийн 1 дүгээр зүйлийн “2021 оноос эхлэн тус бүр 9.5 хувьтай” гэснийг “  гэсний дараа “2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл тус бүр 9.5 хувь,” гэж, мөн зүйлийн “2021 оноос эхлэн 12.5 хувиас” гэснийг “ гэсний дараа “2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 12.5 хувиас,” гэж тус тус нэмэх зарчмын зөрүүтэй санал гаргаж, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ. 

    Ийнхүү хэлэлцээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл