Цэс

Холбоо барих

Байнгын хорооны ажлын хэсэг хувийн зарим сургуульд ажиллаж хуулийн хэрэгжилттэй танилцав

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 10 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн А.Ундраа, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа нар Боловсролын талаар төрөөс баримтлах бодлого, Боловсролын тухай хуулиудын хэрэгжилт, Боловсролын зээлийн сан, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, шийдвэрийн төсөл боловсруулан байнгын хорооны хуралдаанд танилцуулах удирдамжийн дагуу өнөөдөр (2017.04.04) “Шинэ монгол” Технологийн дээд сургууль, “Шинэ монгол” Техник инженерийн коллежид ажиллаж, сургуулийн удирдлагуудтай уулзав.


Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн А.Ундраа НББСШУ-ны байнгын хорооны өмнө эн тэргүүнд тавигддаг асуудлын нэг нь боловсрол байдаг. Нийгмийн энэ суурь асуудлыг шийдвэрлэх нь бидний үүрэг юм. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 95 их, дээд сургууль байна. Тэдний цөөн хувь нь төрийн өмчит сургуулиуд. Гэвч боловсролын салбарт ачааны хүндийг үүрэлцэж яваа хувийн сектор, тэр дундаа хөрөнгө оруулалт, зориг, алсын хараа ихээхэн шаардлагатай инженер техникийн дээд боловсрол эзэмшүүлэх ажилд зориглож орсон та бүгдийг магтмаар байна гэлээ. Түүнчлэн дээд боловсролын санхүүжилт, хувийн аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагаа хэрхэн тогтоож байгаа, тэтгэлгийн хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар сонирхлоо.


“Шинэ монгол” эрдмийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Ж.Галбадрах хувийн их, дээд сургуулиудаас тус сургуулийг онцлон үйл ажиллагаатай нь танилцаж буйд УИХ-ын ажлын хэсгийн гишүүдэд талархал илэрхийлээд сургуулийнхаа талаар товч танилцуулсан юм. Тэрбээр “Бяцхан монгол цэцэрлэгээс эхлээд бүрэн дунд сургууль, коллеж, дээд сургуулийг бид байгуулсан. Энэ хугацаанд бидэнд тулгарч буй асуудлууд олон байна, жишээ нь Технологийн дээд сургуулийн лаборатори байгуулахаас эхлээд санхүүгийн бэрхшээл одоог хүртэл тулгарч байна. Сургадаг академиас судалгааны их сургууль руу шилжиж байгаа. Ирэх жилээс бид гадаадаас багш нарыг нээлттэй шалгаруулж авна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Энэхүү санхүүгийн бэрхшээлтэй, шилжилтийн үед төр, засгаас хувийн их, дээд сургуулиудыг бодлогоор болон санхүүгийн хувьд бодитоор дэмжихийг хүсэж байна” гэлээ.

Харин “Шинэ монгол” Технологийн дээд сургуулийн захирал Ч.Ганзориг Засгийн газар, УИХ-аас магистрын оюутнуудын судалгааг дэмжиж, тэднийг чадваржуулахад онцгой бодлого явуулах шаардлагатай байгаа. Мөн их, дээд сургуулиудын номын санг онлайн хэлбэрээр нэгдсэн нэг сүлжээнд оруулбал олон давуу тал бий болох боломжтой гэсэн санал хэлсэн юм.

НББСШУ-ны байнгын хорооны ажлын хэсэг шалгалтын дүнд үндэслэн хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс боловсролын салбарын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал, дүгнэлт, цаашид анхаарах асуудлаар шийдвэрийн төсөл боловсруулж байнгын хорооны хуралдаанд танилцуулах юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл