Эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг нийтэлсэн. Хууль нь хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлыг тодорхойлох, хөхиүлэн дэмжих, хүндэтгэх, хамгаалах, үйл ажиллагаа явуулах нөхцөлөөр хангах, хамтран ажиллах, Хүний эрх хамгаалагчийн хорооны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэжээ. Дөрвөн бүлэг, 14 зүйлтэй уг хуульд хүний эрхийн хамгаалагчийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрхийг улам өргөжүүлж, тусгайлан баталгаажуулахын зэрэгцээ үйл ажиллагаагаа явуулахдаа хориглох зүйлийг тусгайлан зохицуулсан байна. Мөн төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүн байхаас үл хамааран хүний эрхийн хамгаалагчийг хүлээн зөвшөөрөх, хүндэтгэх, тэдний талаар мэдлэг, ойлголтыг түгээх, мөн төрийн тусгайлан хүлээсэн үүргийг зааж, хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн баталгааг тусгасан. Үндэсний хэмжээнд хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах тогтолцоог хамгийн боломжит бага зардлаар байгуулахын тулд Хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах хороог Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэд байгуулахаар хуульд заасан бөгөөд гишүүд нь одоо чиг үүргээ гүйцэтгэж байгаа төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдэн ажиллахаар тусгасан. Тус хорооны бүрэлдэхүүнд ажиллах иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлд тодорхой шалгуур тавьсан нь иргэний нийгмийг чадавхжуулах, дэмжих зорилготой бөгөөд хамтын шийдвэрээр анх удаа нэр дэвшүүлэх боломжийг бүрдүүлж өгсөн. Ингэснээр хүний эрхийн хамгаалагч, түүний үйл ажиллагааг тодорхойлох, иргэний нийгмийг хөхиүлэн дэмжих, хараат бус ажиллах, эрх мэдлийн хувьд гадуурхагдсан этгээдийг хамгаалж, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлдэг хүний эрхийн түгээмэл соёл төлөвших нөхцөл бүрдэнэ гэж үзсэн байна.
Мөн энэ дугаарт Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэлсэн. Уг хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 01 дүгээр дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй нийцүүлэн Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн үйлчлэлд 0-3 хүртлэх насны хүүхэд болон дөрөв хүртлэх насны ихэр хүүхдээ асарч байгаа эх, эцэгт давхардуулахгүйгээр тэтгэмж авах эрх үүсгэж, хүүхдээ 3 нас хүрэхээс өмнө ажилд орсон тохиолдолд тэтгэмжийг эх, эсхүл эцэгт олгох зохицуулалтыг тусгасан байна.
Түүнчлэн эмхэтгэлд Монгол Улсын Засгийн газрын “Журам шинэчлэн батлах тухай” тогтоолыг нийтлэв. Тогтоолд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан Засгийн газрын нөөц сан ийн хөрөнгийг зарцуулах, тайлагнах, хяналт тавихад энэ журмыг мөрдөхөөр тусгажээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.