Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Фридрих-Эбертийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2021.07.07) Фридрих-Эбертийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын төлөөллийг хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар томилолтын хугацаа нь дуусаж буй суурин төлөөлөгч Др. Ниилс Хегевишт хандаж, Фридрих Эбертийн сан нь Монгол Улсад ардчилсан тогтолцоог төлөвшүүлэх, бий болгох, зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулсанд чин сэтгэлээсээ талархал илэрхийлэв. Тэрбээр үргэлжлүүлэн, бид Холбооны Бүгд Найрамдах Герман Улсыг Европ дахь бидний гол түнш, гуравдагч хөрш гэж үздэг. Манай хоёр улс ардчилал, хүний эрх, зах зээлийн эдийн засгийн үнэт зүйлсийг хуваалцдаг гэлээ.

Суурин төлөөлөгч Др. Ниилс Хегевиш, Фридрих-Эбертийн Сан парламентын ардчиллыг бэхжүүлэх, хүний эрхийн төлөөх бодлогыг дэмжих, иргэдэд парламентын боловсрол олгоход дэмжлэг үзүүлэх чиглэлээр Улсын Их Хурлын Тамгын газартай олон жил хамтран ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд энэхүү хамтын ажиллагаа тэр дундаа Улсын Их Хурлын Парламентын судалгааны хүрээлэнтэй тогтоосон хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж байгаад баяртай байна гээд шинээр томилогдож буй суурин төлөөлөгч ноён Бенедикт Ивановсыг танилцуулав.


Суурин төлөөлөгч Бенедикт Ивановс Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд уг албан тушаалд зургаан сарын хугацаанд бэлтгэгдсэн хэмээн өөрийгөө танилцуулав. Иймд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа Монгол Улсын Их Хурал, Бундестаг хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.


Уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа, Фридрих-Эбертийн сангийн төслийн менежер Б.Сарангуа болон албаны бусад хүмүүс байлцав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл