2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж, холбогдох хуулийн төслүүдийг эцэслэн батлав
Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.07.07) нэгдсэн хуралдаан 14 цаг 04 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр цахимаар эхэлж, хэлэлцэх асуудлаа тогтов.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас өнгөрсөн сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы энэ сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсний дагуу Төсвийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм.
Байнгын хороо хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулах үед олонхын санал авсан саналуудыг нэмж тусган эцсийн хувилбарыг боловсруулжээ. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулан хариулт авсан бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон 60 гишүүний 71.7 хувь буюу нийт 43 гишүүн дэмжсэнээр хуулийн төслийг эцэслэн батлав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийг эцэслэн батлах санал хураалт явуулж, нийт 48 гишүүн дэмжсэнээр хуулийн төсөл эцэслэн батлагдав.
Дараа нь Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд-ийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулав. Засгийн газраас өнгөрсөн сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хийж дэмжсэн талаар Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар танилцуулав.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Д.Өнөрболор, Д.Ганбат, С.Чинзориг, Ц.Туваан, Ж.Чинбүрэн, Д.Батлут, Ц.Даваасүрэн нар эрүүл мэндийн салбарт ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар эмч, эмнэлгийн ажилчид, үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас тавьж буй санал, шаардлагыг хэрхэн шийдэхтэй холбогдуулан асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм.
Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд 2021 оноос эрүүл мэндийн байгууллагуудын үзүүлсэн тусламж, үйлчилгээг гүйцэтгэлээр буюу Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу тохиолдолд суурилсан төлбөрийн аргаар Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөхөөр хуульчилсан. Харин Эрүүл мэндийн даатгалаас авсан санхүүжилтээ хэрхэн зарцуулах нь Эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл тухайн жилийн төсөв хэлэлцэх, төсвийн хуваарилалтыг батлах, төсвийн хязгаарт нийцүүлэн эмнэлгийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаар, цалингийн санг тогтоох эрхтэй.
Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын цалинг нэмэгдүүлэх асуудлыг заавал төсвийн тодотголд тусгаж шийдүүлнэ гэхгүйгээр эрүүл мэндийн санхүүжилтийн шинэ механизмыг бүрэн гүйцэд ашиглах замаар шийдэх бүрэн боломжтой. Хуулиар зохицуулсан эрх зүйн чадамж, байгаа нөөц бололцоогоо бүрэн ашиглаж чадахгүй байна гэж үзэж буйгаа хэллээ.
Үүгээр Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг дуусгасан юм.
Нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явуулж, хуралдаан даргалагч хуулийн төслийг зүйл, заалт бүрээр уншиж танилцуулан тус бүрээр нь санал хураалгав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 67 гишүүний 79.1 хувь буюу 53 гишүүн дэмжсэнээр Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь эцэслэн батлав.
Үргэлжлүүлэн Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж, төслийг зүйл, заалт бүрээр уншиж танилцуулан санал хураалт явуулан 55 гишүүний дэмжлэгээр хуулийн төслийг бүхэлд нь эцэслэн баталлаа.
УИХ-ын хяналт шалгалтын хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхээр болов
Чуулганаар нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын нэр бүхий 15 гишүүнээс энэ сарын 02-ны өдөр мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг төсөл санаачлагч гишүүдийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулав.
Улсын Их Хурлаас 2019 оны арван нэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх эрхээ дангаар эдэлж, Улсын Их Хурлын төсөв батлах бүрэн эрх хязгаарлагдсан зэргээс үүдэн эрх мэдэл хоорондын хяналт-тэнцлийг хангах, хууль тогтоолын биелэлтийг хангах Засгийн газрын үйл ажиллагаанд тавих Улсын Их Хурлын хяналт шалгалтын үр нөлөөг нэмэгдүүлж, хянан шалгах арга хэрэгсэл, үйл явцыг нарийвчлан зохицуулахаар болсон билээ.
Мөн Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө болон урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн улсын төсөв, төсвийн гүйцэтгэлийг батлахдаа Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д нийцэж байгаа эсэх, тэдгээрийн хэрэгжилтийг хэлэлцэхдээ зорилго, зорилт, хүрэх үр дүнгийн хэдэн хувьд хүрсэн, хоорондын уялдаа холбоо хэрхэн хангагдаж байгааг тайлагнах тайлагналтын нэгдсэн систем бий болгох, парламентын хяналт шалгалтад хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан байгууллага, хөндлөнгийн шинжээч, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, мэдээллийн хараат бус байдлыг сайжруулах, хараат бус, бодит мэдээлэлд тулгуурлах, авлига, ашиг сонирхол, хүнд суртлаас ангид, хариуцлагатай гүйцэтгэх засаглалыг бэхжүүлэх, төрийн албаны бүх шатанд хариуцлага, сахилгыг бэхжүүлэх хэрэгцээ, шаардлага үүсжээ.
Түүнчлэн Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог...” байгуулах замаар хууль тогтоомжийн биелэлтийг хангах эрх зүйн үндсийг тогтоож өгсөн.
Эдгээр хэрэгцээ, шаардлагыг харгалзан Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай анхдагч хуулийн төслийг боловсруулсан талаар төсөл санаачлагч илтгэлдээ онцолсон юм.
Хуулийн төсөл батлагдсанаар хууль тогтоомжийн хэрэгжилтийг бодитой, үр нөлөөтэй хянах, төрийн эрх мэдэл хоорондын хяналт-тэнцлийг хангаж, Улсын Их Хуралд итгэх ард түмний итгэлийг нэмэгдүүлэх, хууль тогтоох байгууллагын хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих тогтолцоо, механизмыг уялдуулан системчлэх, сайжруулах нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагч гишүүд үзэж байгаа аж.
Хуулийн төсөл нь бүтцийн хувьд 7 бүлэг, 60 зүйлтэй юм. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд нийцүүлэн Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төслийг хэлэлцэж баталснаар Улсын Их Хурлын хяналт шалгалтын нэгдмэл, цогц байдлыг хангана; төсвийн хяналтыг хэрэгжүүлэх парламентын бүрэн эрх, хяналтын процедур болон чадавхыг бүрдүүлнэ; Улсын Их Хурлын хяналт шалгалтын бүх үйл ажиллагаанд хүний эрхийн хяналт хийгддэг болно.
Мөн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн биелэлтийг төсөв, мөнгөний бодлоготой уялдуулан нэгтгэн хянан хэлэлцсэнээр төсөв үр нөлөөтэй төлөвлөгдөх, хэрэгжих, хөгжилд чиглэсэн байхаас гадна төрийн бодлого үр дүнтэй, бодитой хэрэгжих боломжтой болно. Түүнчлэн хууль тогтоомжийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, Улсын Их Хуралд тайлагнаж, зохих арга хэмжээ авдаг тасралтгүй эргэлтийн тогтолцоо бий болсноор Улсын Их Хурлаас батлан гаргах хууль тогтоомжийн чанар сайжирна.
Үүний зэрэгцээ Улсын Их Хурлын хянан шалгах Түр хорооны үйл ажиллагааг нарийвчлан зохицуулснаар нийтийн эрх ашгийг хөндсөн тодорхой асуудлаар иргэдийг төөрөлдүүлсэн, талцуулсан, холбогдох байгууллагын үйл ажиллагаанд саад учруулдаг явдал арилах зэргээр нийгэм, эдийн засгийн эерэг үр дүнгүүд гарна гэж үзэж буйгаа хуулийн төсөл санаачлагч дурдав.
Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор Монгол Улсын Их Хурлын тухай, Нийтийн сонсголын тухай, Төсвийн тухай, Зөрчлийн тухай зэрэг 19 хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулсан байна.
Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцээд төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулсан юм.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Энхбаяр, Б.Баярсайхан, Ж.Батжаргал, Д.Ганбат, М.Оюунчимэг нар төсөл санаачлагч гишүүд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн. Ингээд санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 67.7 хувь нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив. Иймээс хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлыг хуулийн шинэчилсэн найруулгаар зохицуулахаар болов
Дараа нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг сонсов. Засгийн газраас өнгөрсөн сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн.
Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулах үед олонхын дэмжлэг авсан саналуудыг нэмж тусган, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, бүтцийн шинжтэй зарим засвар оруулан эцсийн хувилбарыг боловсруулжээ. Мөн төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар явуулах үед хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу зарим саналын томьёолол бэлтгэн санал хурааж шийдвэрлэжээ.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа асуулт асууж тодруулан хариулт авсан бөгөөд хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд гүйцээн боловсруулсан зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураалт явуулав. Ингээд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
Үргэлжлүүлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан уг хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцээд төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргаж дэмжсэн тухай санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулсан юм.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 61.2 хувь нь Байнгын хорооны горимын саналыг дэмжив. Иймээс хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар шилжүүллээ.
Авлигатай тэмцэх газрын дэд даргаар Гаваасүрэнгийн Азжаргалыг томилов
Нэгдсэн хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын дэд даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэж, энэ талаар Авлигатай тэмцэх газрын дарга, Тэргүүн комиссар З.Дашдаваа танилцуулга хийсэн юм.
Авлигын эсрэг хуульд зааснаар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргаар Авлигатай тэмцэх газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалд мэргэжлийн болон зохих нөхцөл, шалгуурыг хангасан, авлига, албан тушаалын хэргээр шалгагдаж сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй иргэнийг томилох зохицуулалттай. Түүнчлэн тус газрын дэд дарга төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг, туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй байх шаардлагыг хангасан байх ёстой гэсэн зохицуулалтыг баримтлан дээрх шаардлагуудыг хангаж байгаа тус газрын Гүйцэтгэх ажлын хэлтсийн дарга, Эрхэлсэн комиссар Гаваасүрэнгийн Азжаргалыг дэвшүүлэн томилуулах саналаа тэрбээр танилцуулав.
Нэр дэвшигч Г.Азжаргал нь 1984 онд Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, хуульч мэргэжилтэй. Орос, англи хэлний мэдлэгтэй. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1992-2001 онд Монгени бүрэн дунд сургууль, 2002-2007 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны дээд сургуулийг төгссөн. Мөн 2011 онд АНУ-ын Ази, Номхон далайн аюулгүй байдлын судалгааны төвд терроризмтой тэмцэх чиглэлээр, 2013 онд АНУ-ын Холбооны мөрдөх товчооны Үндэсний академид үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр, 2017 онд ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын институтэд тус тус мэргэшил дээшлүүлжээ.
Тэрбээр 2002-2007 онд сонсогч, 2007-2014 онд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, 2014-2015 онд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын гуравдугаар тасгийн дарга, 2015-2016 онд Эрүүгийн цагдаагийн газарт тасгийн дарга, 2016-2018 онд Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсийн тасгийн дарга, 2018 оноос одоог хүртэл Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсийн даргаар ажиллаж байгаа. Цагдаагийн байгууллагад 9 жил, Авлигатай тэмцэх газарт 5 дахь жилдээ, хууль сахиулах байгууллагад 14 дэх жилдээ ажиллаж байгаа аж.
Авлигатай тэмцэх газрын дэд даргыг томилох асуудлыг Хууль зүйн байнгын хороо томилгооны сонсгол хийж хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга С.Бямбацогт нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.
Улсын Их Хурал 2020 онд Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулж, тус байгууллагын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор, дэд даргыг Авлигатай тэмцэх газрын даргын санал болгосноор сонсгол хийж томилдог байхаар хуульчилсан. Тус газрын даргаас 2021 оны зургаадугаар сарын 14-ний өдөр Гаваасүрэнгийн Азжаргалыг Авлигатай тэмцэх газрын дэд даргын албан тушаалд томилуулах саналыг Улсын Их Хурлын даргад ирүүлсэн.
Энэ үндсэн дээр Хууль зүйн байнгын хорооны 2021 оны зургаадугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолоор томилгооны сонсголын товыг тогтоож, 14 хоногийн турш иргэд олон нийтэд мэдээлж, холбогдох санал хүсэлтийг авчээ. “Томилгооны сонсголын даргалагч, ажиглагчийн тоо тогтоох тухай” Байнгын хорооны тогтоолыг 2021 оны зургаадугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар баталсан бөгөөд томилгооны сонсгол даргалагчаар Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогтыг томилж, 10 хүртэл тооны оролцох ажиглагчтай байхаар шийдвэрлэжээ.
Нэр дэвшигч Гаваасүрэнгийн Азжаргал нь тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангах эсэх талаар иргэд, олон нийтэд танилцуулах, Улсын Их Хурлын гишүүдийг шийдвэр гаргахад нь мэдээллээр хангах зорилгоор 2021 оны долоодугаар сарын 6-ны өдөр Хууль зүйн байнгын хороо Авлигатай тэмцэх газрын дэд даргын албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг зохион байгуулсан талаар танилцуулгадаа дурдав.
Нэр дэвшигчийн танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг, Б.Баярсайхан, С.Одонтуяа, Т.Доржханд, Ш.Адьшаа, Д.Ганбат, Ц.Мөнхцэцэг нар нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийллээ. Ингээд Гаваасүрэнгийн Азжаргалыг Авлигатай тэмцэх газрын дэд даргаар томилохыг дэмжих санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 67 гишүүний 48 нь буюу 71.6 хувь нь дэмжив.
Дараа нь “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад гишүүдээс гаргасан саналын дагуу Хууль зүйн байнгын хорооноос уг тогтоолын төслийг боловсруулжээ.
Тогтоолын төслийг боловсруулж хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулсан. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Ш.Адьшаа, Б.Баттөмөр нар асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлэв. Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 52.3 хувь нь дэмжиж, уг тогтоолын төслийг баталлаа.
Үргэлжлүүлэн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн батлах санал хураалгахад 39 гишүүн дэмжиж, хуулийн төсөл батлагдав. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцэслэн батлав. Түүнчлэн уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 44 гишүүн, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 45 гишүүн дэмжсэнээр хуулийн төслүүдийг бүхэлд нь батлав.
Хуулийн төслүүдийг эцэслэн баталсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэхдээ, 27 жилийн дараа нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталж, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу эрх зүйн томоохон шинэчлэл хийж буйг онцлов. Хуулийг амилуулж, бодит ажил хэрэг болгож хэрэгжүүлэхэд Засгийн газар, нийслэлийн удирдлагууд шуурхай ажиллах шаардлагатайг Улсын Их Хурлын дарга дурдаад хуулийн төслийг шуурхай хэлэлцэж баталсан Улсын Их Хурлын гишүүд, цаг наргүй ажиллаж ажил хэрэгчээр хандсан ажлын хэсгийн гишүүдэд талархал илэрхийллээ.
Тогтоолын төслүүдийг дэмжиж, эцэслэн баталлаа
Нэгдсэн хуралдаанаар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулав.
Төрийн эрх мэдлийн хяналт, тэнцлийг хангах үүднээс Улсын Дээд шүүхийн шүүгчийн албан тушаал, Улсын Дээд шүүхийн Тамгын газрын даргын албан тушаалыг өндөр албан тушаалтны зэрэг зиндаанд хамааруулах асуудлыг шийдвэрлүүлэх, мөн Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга, дэд даргын албан тушаалын зэрэг зиндааны талаар ирүүлсэн саналуудыг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулж дэмжжээ. Энэ үндсэн дээр “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг тогтоох тухай” Улсын Их Хурлын 2019 оны 19 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулж, Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга, Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга нарын албан тушаалын ангилал, зэрэглэлийг дүйцүүлэн төрийн өндөр албан тушаалтны ангилал, зэрэглэлийг өөрчлөхөөр зохицуулжээ.
Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталсан юм.
Үргэлжлүүлэн “Үндсэн хуулийн цэцийн гишүүний ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, тогтоолын төслийг батлав. Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.3-т “тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын, мэргэшлийн зэргийн болон хуульд заасан бусад нэмэгдлээс” цалин хөлс нь бүрдэхээр заасан. Өмнө нь Үндсэн хуулийн цэцийн гишүүний ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг гурван тогтоож байжээ. Тогтоолын төслийг баталснаар 2021 оны төсөвт нэмэлт зардал үүсэхгүй юм байна.
Дараа нь “Прокурорын албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар прокурорын байгууллагад эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг нэмэгдсэнтэй холбоотойгоор эл чиг үүргийг хэрэгжүүлж буй прокуроруудын ажлын ачаалал нэмэгджээ. Иймээс ажлын онцлог, гүйцэтгэж буй чиг үүргээс хамаарч албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг тогтоолгох шаардлагатай байгаа. Улсын Их Хурлын 1996 оны 58 дугаар тогтоолоор прокурорын албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг тогтоох шийдвэрийг гаргаж байсан бөгөөд 25 жилийн турш энэ шийдвэрт өөрчлөлт оруулаагүй байгаа зэргийг харгалзан уг тогтоолын төслийг боловсруулсан байна.
Хуралдааны төгсгөлд “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоллын төслийг хэлэлцэж батлав. Үндсэн хуулийн цэцийн ажлын албаны албан хаагчдын албан тушаалын ангилал, зэрэглэлийн давхардлыг шийдүүлэхээр ирүүлсэн саналыг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулжээ. Үүгээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.