Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2021 оны 25 дугаарын тойм


    Эмхэтгэлийн шинэ дугаарт Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтлэв. Тухайлбал, тогтоолуудаар Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хороог байгуулахын зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журмыг шинэчлэн баталсан. "Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай” тогтоолд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Төрийн тамгыг танхимд залж, тангарга өргөх ёслолын дараа буцаан байранд нь залах, Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулсан цэргийн жагсаал явуулах заалтыг 2017 онд хүчингүй болгосныг сэргээн Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар нарийвчлан тусгажээ. Мөн бүрэн эрх нь дуусгавар болж байгаа Ерөнхийлөгч тулгар төрийн уламжлалт есөн хөлт Их цагаан туганд хүндэтгэн ёсолж, адис авч, Төрийн хүндэт харуул жагсан, холбогдох албан тушаалтнууд үдэн гаргах журмыг нэмж тусгасан байна. 

    Түүнчлэн Улсын Их Хурлын Үндсэн хуулийн цэцийн 06 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн талаарх тогтоолыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн "Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн талаарх дүгнэлтийн хамт нийтлэв. Үндсэн хуулийн цэц 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэснийг Улсын Их Хурал хэлэлцэж, хүлээн зөвшөөрсөн тогтоолыг баталсантай дэлгэрэнгүй танилцах боломжтой.

   Мөн энэ дугаарт “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэллээ. Зарлигаар цэргийн зарим алба хаагчдад цэргийн дээд цол болон хошууч генерал цол хүртээж, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд, зарим Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэвийг олгосон байна.              

    Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөц бүрдүүлэх журам”-ыг баталсныг нийтлэв. Уг журмаар газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 5.1.2-т заасны дагуу газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийг бүрдүүлэх, түүнийг хадгалах, зарцуулах, нөхөн бүрдүүлэх, сэлгэх, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахаар болжээ. Мөн уг журмыг газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн захиргааны байгууллага, газрын тосны бүтээгдэхүүний импорт, үйлдвэрлэл, бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд дагаж мөрдөхөөр тусгасан зэрэг дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах боломжтой гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл