Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2021 оны 26 дугаарын тойм

    

    Эмхэтгэлийн шинэ дугаарт Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэллээ. Уг хуулиар хуулийн дагаж мөрдөх хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгаж,  ашигт малтмал, газрын тосны экспорт, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хилийн боомтын хяналт, улс хоорондын тээврийн зохицуулалт, халдвар хамгаалал, аюулгүй байдлын чиглэлээр хууль сахиулах болон хилийн хяналтын байгууллага, орон нутгийн засаг захиргааны байгууллагын ажлын уялдаа холбоог нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааг байгуулж, авч хэрэгжүүлэх арга хэмжээг нь нарийвчлан тусгажээ.

    Тухайлбал, хилийн боомтын хяналт, улс хоорондын тээврийн зохицуулалт, халдвар хамгаалал, аюулгүй байдлыг хангах зорилгоор шийдвэр гаргах, хууль сахиулах болон хилийн хяналтын байгууллага, орон нутгийн засаг захиргааны байгууллагад үүрэг, даалгавар өгч биелэлтийг хангуулах;

    -улс хоорондын тээвэрлэгч, гадаад худалдаа эрхлэгчид үзүүлэх төрийн үйлчилгээ, хяналт шалгалтыг боловсронгуй болгох, шуурхай зохион байгуулах, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэх саналыг Засгийн газарт танилцуулах;

    -Хилийн боомтын үндэсний зөвлөлөөс өгсөн чиглэл, удирдамжийн хүрээнд өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар гадаад улсын эрх бүхий байгууллагатай хуульд нийцүүлэн харилцаа тогтоож, хамтран ажиллах;

    -шаардлагатай тохиолдолд хилийн хяналт шалгалтын дэгийн зохицуулалтыг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хил залгаа улстай тусгай хэлэлцээр байгуулах саналыг Засгийн газарт танилцуулах;

    -иргэн, хуулийн этгээдээс шаардлагатай мэдээ, мэдээллийг гаргуулан авах;

    -иргэн, албан тушаалтанд шаардлага тавих, байгууллага, объектод саадгүй нэвтрэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тусгасан байна. 

    Мөн энэ удаагийн дугаарт Өршөөл үзүүлэх тухай хуулийг дагаж өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын хамт нийтэллээ. Энэ хуулийн зорилт нь Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдварын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулсан бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг эмхэтгэлээс авна уу гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл