Цэс

Холбоо барих

АБГББХ:АНУ-ын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээж ажиллуулах тухай тогтоолын төслийг дэмжив

         

         Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.07.06) хуралдаанаар “Америкийн Нэгдсэн Улсын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийг хэлэлцэв. Засгийн газраас өнгөрсөн сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн талаар Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг танилцуулга хийлээ.

Монгол иргэд олноор төвлөрөн оршин сууж буй улсын нэг болох АНУ-тай манай улс 1987 онд дипломат харилцаа тогтоож, Элчин сайдын яамаа тус улсын нийслэл Вашингтон хотод 1989 онд, Ерөнхий консулын газрыг Сан Франциско хотод 2011 онд тус тус нээжээ. АНУ-д зорчих болон ажиллаж амьдрах, суралцах манай иргэдийн тоо жил бүр нэмэгдэж, одоогийн байдлаар 30000 орчим монгол иргэн тус улсад оршин сууж байгаагаас 10 мянга орчим нь суралцдаг аж.

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2020 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар АНУ-ын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах Засгийн газрын саналыг зөвшилцөн дэмжиж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу Гадаад харилцааны яам Чикаго хотод Консулын газар нээж ажиллуулах саналаа америкийн талд дилломат шугамаар тавьж, зөвшөөрсөн хариу авчээ. Тиймээс Дипломат албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасны дагуу дээрх шийдвэр, айлын талын зөвшөөрлийг үндэслэн АНУ-ын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.


Манай улсын гадаад харилцаа улам өргөжин хөгжихийн хэрээр бусад улс, ялангуяа гуравдагч хөрш болох АНУ-тай худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал зэрэг харилцан ашигтай салбаруудын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, мөн тус улсад ажиллаж амьдарч, суралцаж буй иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиг үүргээ хэрэгцээт газарт нь үзүүлэх шаардлага тавигдаж байна. Энэ хүрээнд АНУ-ын худалдаа, эдийн засаг, банк санхүү, аялал жуулчлалын томоохон төв, 8000 орчим монгол иргэд оршин суудаг Чикаго хотод Консулын газар нээн ажиллуулах нь хоёр орны худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх болон төрийн үйлчилгээг иргзддээ ойртуулах, иргэдийн эрх, ашиг сонирхлыг цаг алдалгүй хамгаалах чухал ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж буйг сайд Б.Батцэцэг онцоллоо.

АНУ-ын Сан Франциско хот дахь Ерөнхий консулын газар одоогийн байдлаар 7 орон тоотой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд гурван орон тоог нь Чикаго хотод нээж ажиллуулах Консулын газарт шилжүүлэн ажиллуулахаар төлөвлөжээ. Ингэснээр улсын төсвөөс нэмэлт зардал гаргахгүйгээр шинээр нээх Консулын газрын төсвийг шийдэх боломжтойг сайд танилцуулсан юм.


Монгол иргэд АНУ-ын зүүн эргийн Вашингтон (6000), төвийн бүсийн Чикаго хот (8000), баруун эргийн Лос Анжелес (2000), Сан Франциско (4000), Сиатль (1500) хотод төвлөрөн суурьшдаг байна. АНУ-ын баруун, зүүн эргийн хотуудад амьдарч байгаа монгол иргэдэд консулын үйлчилгээ хүрч байгаа боловч төвийн бүсэд, тодруулбал Чикаго хот орчимд оршин суугаа иргэдэд консулын үйлчилгээг ойртуулах шаардлагатай байгаа аж. Чикаго хот нь АНУ-ын нийслэл Вашингтон хотоос 1600 км зайд оршдог бөгөөд тус хотод Консулын газар нээснээр Индиана, Висконсин, Мичиган, Мизури, Миннесота зэрэг залгаа мужид оршин суугаа монгол иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэх юм байна.

АНУ дахь монгол иргэд Чикаго хотод ихээр төвлөрөн суурьших болсон шалтгаан нь ажлын байрны олдоц сайтай, амьжиргааны түвшин харьцангуй бага, байрны түрээс хямд, Иллинойс мужийн нийгмийн халамжийн ээлтэй бодлого (шинээр төрсөн хүүхдийг даатгалд хамруулж, 16 нас хүртэл нь эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг гэх мэт) зэрэгтэй холбоотой. Монгол иргэд тус хотод гаднын компаниудад ажиллахын зэрэгцээ ачаа тээвэр, гоо сайхан, барилгын чиглэлээр өөрсдийн бизнесээ эрхэлдэг. Мөн тус хотод гурван монгол сургууль байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд тус хот дахь Монгол иргэдийн холбоо, “Монгол төв” зэрэг иргэдийн үүсгэл, санаачилгын 20 гаруй байгууллага, монгол иргэдийн 50 орчим компани идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг талаар төслийн танилцуулгад дурджээ.


Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Х.Булгантуяа, Б.Баттөмөр нар Гадаад харилцааны сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Н.Энхболд, Х.Булгантуяа, Б.Баттөмөр нар үг хэлж тогтоолын төслийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Үг хэлсэн гишүүд цаашдаа БНСУ-ын нийслэл Сөүл хот дахь Консулын газрын орон тоог нэмэгдүүлэх, Өвөрмонголын Өөртөө засах орны Баяннуур аймагт Консулын газар нээх боломжийг судалж үзэх, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яамд, Консулын газруудын тайлан мэдээллийг Байнгын хорооны хуралдаанаар сонсож танилцах зэрэг саналууд хэлж байв. Иймээс гишүүдийн саналын дагуу Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яамд, Консулын газруудын үйл ажиллагааны талаарх тайлан мэдээллийг холбогдох тооцоо судалгааны хамт ойрын үед Байнгын хороонд бэлтгэж ирүүлэх чиглэлийг Гадаад харилцааны сайдад өгч буйгаа Байнгын хорооны дарга Б.Баттөмөр мэдэгдлээ.

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 93.3 хувь нь “Америкийн Нэгдсэн Улсын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл