Цэс

Холбоо барих

БСШУСБХ:Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив


    Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн (2021.07.02) хуралдаан 10 цаг 05 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

    Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ нараас 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.  

    Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, өнөөгийн Боловсролын хуулийн дагуу “аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга буюу дөрвөн жилийн хугацаатай томилогддог улс төрийн албан тушаалтан” нь төрийн үйлчилгээний албан тушаалтан болох “ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилон чөлөөлж” байгаа нь Төрийн албаны тухай хуулийн зохицуулалт болон Үндсэн хуулийн суурь агуулга, зарчимтай зөрчилдөж байна. Орон нутгийн сонгуулийн үр дүнгээс хамаарч шинээр томилогдсон аливаа сум, дүүргийн Засаг дарга тухайн харьяаныхаа сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг шинээр томилох, хууль зөрчиж ажлаас нь чөлөөлөх, сонгон шалгаруулалтгүй түр орлон гүйцэтгэгч тавих байдал улсын хэмжээнд нийтлэг асуудал болж, хот хөдөөгүй түгээмэл ажиглагдаж байна. Ийнхүү аймаг, дүүргийн боловсролын газрын дарга, ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг улс төрийн зорилгоор үндэслэлгүйгээр чөлөөлөх болон томилж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчим, Төрийн албаны тухай хуульд заасан суурь зарчимтай зөрчилдөж байгааг онцлон тэмдэглэв.


    Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 839 сургууль, 1454 цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарын халаа сэлгээ, шинэ томилгооноос үүдэлтэйгээр боловсролын салбарын нийт 85 мянган багш, албан хаагч нарын нарын нийтлэг эрх зөрчигдөх, ажлаас үндэслэлгүйгээр халагдаж чөлөөлөгдөх, ажлын байртай холбоотой хөдөлмөрийн маргаан үүсэх, шүүхэд шилжиж шийдвэрлэгдэх зэрэг асуудлууд ихээр үүсэж байна. Тухайлбал, сүүлийн дөрвөн жилийн хугацаанд давхардсан тоогоор ажил олгогчдын буруутай үйл ажиллагаа болон ажлын байрны шийдвэртэй холбогдолтой нийт 1726 өргөдөл, гомдол ирсэн бөгөөд 2017 онд 523, 2018 онд 389, 2019 онд 422, 2020 онд 392 өргөдөл, гомдол тус тус ирсэн байна. Нийт өргөдөл, гомдлын 14,7 хувь нь анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган хөдөлмөрийн маргаан үүсгээд байна. Мөн улс төрийн томилолт авч, шинээр томилогдсон Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч дарамт, нөлөөллөөр ажлаас үндэслэлгүйгээр халагдсан, чөлөөлөгдсөн өргөдөл, гомдол нийт гомдлын 61,2 хувийг эзэлж байгааг танилцуулгад дурдав.

    Боловсролын салбарыг улстөржилтөөс ангид байлгах, дарамт, шахалтыг арилгах, мэргэшсэн, тогтвортой байдлыг бий болгох үүднээс Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулсан гэж байлаа. 

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Б.Баярсайхан, Л.Энх-Амгалан, С.Чинзориг нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүдийн олонх хуулийн төслүүдийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, сонгуулийн үр дүнгээр гарч ирсэн Засаг дарга сургууль, цэцэрлэгийн удирдлагыг солих явдал зарим аймгуудад хавтгайрч байгааг дурдаад, тиймээс энэ хуулиа яаралтай хэлэлцэж, батлах шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, хуулийн төслийг Боловсролын багц хуулийн төсөлтэйгөө хамтатган хэлэлцэх саналтай байгаагаа илэрхийлээд цаашид боловсролын байгууллагуудын удирдлагуудын томилгооны асуудлыг тогтвортой болгох нь зүйтэй гэв.


     Ингээд Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 94.1 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын Ж.Чинбүрэн танилцуулахаар тогтов. 

     Хуралдааны төгсгөлд Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг, Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг болон эдгээр Ажлын хэсгүүдийн санал, дүгнэлтүүдийг нэгтгэж, Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт гаргах Ажлын хэсэг байгуулах тухай  Байнгын хорооны  дөрвөн тогтоолын төслийг хэлэлцсэн. 


    Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, С.Чинзориг, Ц.Мөнхцэцэг, Г.Мөнхцэцэг, Б.Жаргалмаа, П.Анужин, Ч.Ундрам, Ж.Чинбүрэн, Х.Ганхуяг, Г.Дамдинням нар асуулт асууж, үг хэллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ж.Чинбүрэн нарын зүгээс Боловсролын багц хуулийн төслийг хэлэлцэхэд салбар хуулиудын уялдааг хангах зайлшгүй шаардлагатай тул хуулийн төсөл бүрээр бус, нэгдсэн Ажлын хэсэг байгуулж,  ахлагчаар нь салбараа сайн мэддэг, сайдаар нь ажиллаж байсан туршлагатай гишүүн Ё.Баатарбилэгээр ахлуулах саналтай байгаагаа илэрхийлэв. 

    Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Боловсролын багц хуулийн төслүүдийн бодлогыг нэгдэж зангидах, хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 67,7 хувь нь дэмжсэн.  

    Ингээд Боловсролын ерөнхий хуулийн төсөл, Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий нэгдсэн Ажлын хэсгийг байгуулахаар тогтож, Ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулах эсэхийг Улсын Их Хурлын даргатай зөвлөлдөхөөр болж,  асуудлыг түр хойшлууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 


 



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл