Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2021.07.06) 12 цаг 07 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр тогтсон тухай хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг хуралдааны эхэнд танилцуулав.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй тул “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолд нэмэлт оруулах “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Тогтоолын төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн хийв. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын 1998 оны 29 дүгээр тогтоолоор баталсан “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”-ийн 3.4-т “Байгалийн унаган төрхийг хадгалах, экологийн тэнцлийг хангах, байгалийн баялгийг арвижуулах, байгаль, түүх, соёлын өвийг хамгаалах зорилгоор байгалийн бүс, бүслүүрийн үндсэн шинж, иж бүрдлийг төлөөлсөн, экологийн онцгой ач холбогдол бүхий газар нутгаар тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлж, нийт нутаг дэвсгэрийн 30-аас доошгүй хувьд хүргэнэ”, Монгол Улсын Их Хурлын 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 43 дугаар тогтоолоор баталсан “Ногоон хөгжлийн бодлого”-ын 3.2.1-д “байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, цэнгэг усны нөөц, гол, мөрний урсац бүрэлдэх эхийн 60-аас доошгүй хувийг тусгай хамгаалалтад авч, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 2020 онд нийт нутаг дэвсгэрийн 25 хувьд хүргэх”, Монгол Улсын Их Хурлын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Үзэл баримтлал-2030”-ын 2.3.1-д “Усны нөөц, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 50-аас доошгүй хувийг тусгай хамгаалалтад авах...” гэж тус тус заасан.
Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс байгаль орчин доройтох, байгалийн нөөц хомсдох үйл явц улам бүр эрчимжиж байна. Иймд байгалий унаган төрх, экологийн тэнцвэрт байлыг хадгалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх, хамгаалах, ногоон хөгжлийн түшиц газрыг бий бологоход экологийн эрх ашгийг тэргүүн зэрэгт тавьсан менежмент бүхий тогтоолцоог бэхжүүлэн хамгаалах, түүндээ зохицсон уламжлалт аж ахуйгаа олон улсын жишгээр баяжуулан хөгжүүлэх үүднээс Монгол Улсын зарим газар нутгийг улсын байгалийн нөөц газарт хамруулах шаардлагатай байна. Тодруулбал, Архангай аймгийн Жаргалант, Чулуут, Өндөр-Улаан сумдын зарим хэсгийг байгалийн нөөц газарт хамруулснаар байгалийн унаган төрх, өвөрмөц тогтоц, эртний түүхийн ул мөрийг хадгалсан газрыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, аялал жуулчлалын түшиц газар болгон хөгжүүлэх боломжтой гэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен Баян-Өлгий аймаг дахь зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай асуудлын хэрэгжилтийн талаар тодруулахад Ажлын хэсгээс хийсэн тайлбарт, баруун аймгуудын газар нутгийн зарим хэсгийг улсын тусгай хамгаалалтад авахаар ажлын хэсэг гарч, наадмын дараа уг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн гэв. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Батжаргал, Г.Мөнхцэцэг, Ц.Анандбазар нар Монгол Улсын нийт хичнээн газар нутгийг улсын тусгай хамгаалтад авахаар төлөвлөгдсөн, мөн тогтоолын төсөлд заасан газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахад улсаас ямар зардал гарахаар байгааг тодруулж байв. Ажлын хэсгээс энэ онд нийт 12 газар, бүсийг байгалийн нөөц болон байгалийн дурсгалт газраар улсын тусгай хамгаалтад авахаар төлөвлөж, Засгийн газарт оруулахаар ажиллаж байна. Улсын тусгай хамгаалалтад авахад улсын төсөвт ямар нэгэн зардал үүсэхгүй гэж хууль санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тайлбар хийв.
Ингээд тогтоолын төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэхийг дэмжье гэсэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 64,7 хувийн саналаар дэмжигдэв. Байнгын хорооны санал, дүгнэлтийн чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг танилцуулахаар тогтлоо.
Дараа нь Засгийн газраас 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ хийсний дараа хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10 болон 39.18-ыг танилцуулав. Үүнд, Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэх /39.10/, мөн төслийн зүйл, хэсэг, заалт тус бүрээр 2 ба түүнээс дээш саналын томьёолол гарсан тохиолдолд хамгийн эхэнд ирүүлсэн саналаар санал хураалт явуулахдаа бусад саналыг танилцуулж санал хураалгах бөгөөд уг санал дэмжигдвэл бусад санал дэмжигдээгүйд тооцож тэдгээр саналаар санал хураалт явуулахгүй /39.18/ гэж тус тус заасан.
Ингээд Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд Ажлын хэсгээс гаргасан саналын томьёоллыг зүйл, хэсэг, заалт тус бүрийг хэлэлцэж, санал хураалт явуулав. Тухайлбал, хуулийн төслийн 4.1.12-ыг “сортын үндэсний бүртгэл” гэж сорт сорилтод соригдож, ургац болон аж ахуй, биологийн шинж чанараар шалгарсан, үр үйлдвэрлэх, тариалахыг зөвшөөрсөн сортын бүртгэлийг; гэж өөрчлөн найруулах. Энэ хууль 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр байна. Нийт 60 гаруй саналын томьёоллыг хэлэлцэж, санал хураалт явуулахад бүгд дэмжигдсэн болно.
Ийнхүү Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.