Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат болон Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, М.Оюунчимэг, Г.Ганболд нар өнөөдөр (2021.07.06) Төрийн албаны зөвлөлд ажиллаж, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, төрийн албаны шинэтгэлийн талаар санаачлан хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаатай танилцан санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Уулзалт, хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын Тамгын газрын болон Төрийн албаны зөвлөлийн бүрэлдэхүүн, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын Тамгын газрын дарга нар, яам, агентлаг, аймаг, нийслэл дэх төрийн албаны салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүд танхимаар болон цахимаар оролцож, нийт 300 гаруй хүн хамрагдав.
Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, төрийн албаны шинэтгэлийн үйл явц, үр дүн, Төрийн албаны зөвлөлөөс санаачлан хийж хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг Байнгын хорооны дарга, гишүүдэд товч танилцуулсан юм.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны бодлого, чиглэл болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа Улсын Их Хурлын Хяналт, шалгалтын тухай, Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай, Сонгон шалгаруулалтын тухай хуулиудын төслийн үзэл баримтлалын талаар Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат танилцуулж, уулзалтад оролцогчидтой санал солилцон, зарим үүрэг чиглэлийг өгөв. Тухайлбал, Төрийн албаны тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар төрийн алба мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай, улс төрөөс ангид байх дөрвөн зарчим бодитоор хэрэгжих үндэс бүрдсэн бөгөөд Төрийн албаны зөвлөлийн эрх хэмжээ ихээхэн нэмэгдсэн. Иймээс хуулиар олгогдсон боломж, давуу талаа бүрэн ашиглаж, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах, зөвлөмж, арга зүйгээр хангах, хяналт шалгалт хийж, хатуу шаардлага тавьж ажиллах талаар шуурхай хурдтай, зоригтой ажиллах ёстой гэдгийг тэрбээр онцлов.
Мөн Төрийн албаны зөвлөл болон яам, агенлаг, нийслэл, аймаг орон нутгийн Төрийн албаны салбар зөвлөлийн дарга нарт Ковидын тухай хуулийн үйлчлэл дуусах үед түр томилогдсон албан хаагчдын сонгон шалгаруулалт явуулах, төрийн албаны засаглах чадварыг сайжруулах бэлтгэлийг эртнээс хангаж ажиллахыг үүрэг чиглэл болголоо.
Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөрхөн өргөн бариад байна. Энэ нэмэлт, өөрчлөлтөөр төрийн улс төрийн болон үйлчилгээний албанд ажилласан хугацааг тодорхой итгэлцүүрээр үнэлж, төрийн захиргааны албанд ажилласан хугацаанд тооцох, Төрийн албаны зөвлөлөөс явуулж байгаа сонгон шалгаруулалтын нэг жилд зохион байгуулж байгаа тоог нэмэгдүүлэх, АТГ-аас төрийн албанд ажилд орж буй хүнд өгөх тодорхойлолтод зөвхөн ашиг сонирхлын зөрчилтэй эсэх тухай мэдээллийг тусгах зэрэг асуудлыг хөндсөн тухайгаа танилцуулсан юм.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Г.Ганболд нар Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг сайтар зохион байгуулах, төрийн албанд ёс зүйн шинэ хандлага төлөвшүүлэх талаар тодорхой саналууд хэллээ.
Уулзалт, хэлэлцүүлгээр Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Төрийн албаны зөвлөл хамтарсан ажлын хэсэг гаргаж, төрийн байгууллагуудад хийгдсэн томилгоо, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, төрийн албаны шинэтгэлийн үйл явц, үр дүн зэрэг асуудалд хяналт шалгалт хийж ажиллах, хуулийн зөрчлийг засах, шинээр өргөн барьж буй хуулийн хэлэлцүүлэг зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тогтлоо.