Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2017.10.26) хуралдаан 16 цаг 07 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан даргалав.
Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл –ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд хийсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүнээс 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг нэгтгэн Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах Ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 77 дугаар захирамжаар Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболдоор ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Б.Батзориг, Ж.Бат-Эрдэнэ, Г.Занданшатар, Л.Мөнхбаатар, Я.Санжмятав, С.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан. Мөн Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийг Байнгын хорооны тогтоолоор байгуулж ажиллуулжээ.
Ажлын хэсэг болон ажлын дэд хэсэг өнгөрсөн хугацаанд 13 удаа хуралдаж хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон нэмэлт, өөрчлөлтийн төслийг нэгтгэж, нийтдээ зарчмын зөрүүтэй 85 саналын томьёолол боловсруулан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн байна.
Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, албан тушаал дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар, ажлын үр дүнд тулгуурлах чадахуйн /мерит/ зарчимд суурилахаар, Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан этгээдийг төрийн албан тушаалд томилохгүй байх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр нөлөөнд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх Олон нийтийн хяналтын зөвлөл ажиллахаар шинээр оруулсныг хэвээр үлдээж зарим зохицуулалтуудыг өөрчлөн найруулж сайжруулсан.
Төсөлд Төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтын агуулга, зохион байгуулалтын асуудал, хууль тогтоомжийг зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, томилгоо хийсэн албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын зохицуулалтыг нарийвчлах, төрийн албан хаагчийг албан тушаал бууруулсан, чөлөөлсөн, халсантай холбоотой маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэлх хугацаанд тухайн ажлын байранд томилгоо хийхгүй байх баталгааг тусгаж төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг нэмэгдүүлэх зарчим баримталж ажилласан.
Мөн Төрийн албаны зөвлөл орон тооны 5 гишүүнээс бүрдэх бөгөөд төрийн албан хаагчдын төлөөллөөс тэдгээрийн хоёрыг нэр дэвшүүлэхээр санал боловсруулсан. Түүнчлэн төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгоход төрийн албанд ажилласан хугацааг харгалзан 36 хүртэлх сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгох, төрийн үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг нэмж олгодог болох зэрэг саналууд гаргасныг Ажлын хэсгийн ахлагч танилцуулав.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн албан бичгээр 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр татан авсан тул ажлын хэсэг энэ сарын 26-ны өдөр дахин хуралдсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 6 зүйл, хэсэг, заалтын агуулгыг Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгахаар Ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хороо дэмжсэн байна.
Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 23 зүйл, хэсэг, заалт Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн зохицуулалттай агуулгын хувьд давхацсан бөгөөд 24 зүйл, хэсэг, заалтын талаар ажлын хэсгээс санал гаргаагүй. Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг татан авсан ч дээрх 7 зүйл, заалт нь Улсын Их Хурлын гишүүдийн өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн агуулга, зохицуулах харилцааны ерөнхий зарчмуудтай нийцэж байгаа тул төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулах талаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргад албан бичиг хүргүүлсэн гэдгийг Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа дурдлаа.
Ажлын хэсгийн энэ сарын 26-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслийн зарим зохицуулалтыг илүү сайжруулах, боловсронгуй болгох талаар хэлэлцэж, өмнө нь Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар гаргасан зарим саналыг татан авч байгааг танилцуулсан юм.
Ингээд Ажлын хэсгээс хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй 12 саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийг “Энэ хуулийн зорилт нь төрийн албаны тогтвортой, ил тод байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, төрийн албаны төв байгууллага, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж өөрчлөн найруулахаар тогтов. Мөн төслийн хуулийн үйлчлэх хүрээ, төрийн албаны стандарт, төрийн захиргааны албан тушаал, төрийн тусгай албан тушаал, төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэл гэсэн зүйлүүдийг өөрчлөн найруулах саналыг дэмжив.
Түүнчлэн төслийн 56 дугаар зүйлд “улирлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгох” гэсэн агуулгатай 56.1.4 дэх заалт нэмэх, төслийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсгийг “Энэ хуулийн 89.2.2-т заасан нэмэгдэл хөлс, мөн хуулийн 89.2.4-т заасан төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, нэмэгдэл хөлс, мөн хуулийн 92.1-д заасан төрийн үйлчилгээний албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох зохицуулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж өөрчлөн найруулахаар болов. Мөн уг хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтлоо.
Эцэст нь уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Төрийн албаны тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.