Цэс

Холбоо барих

Худалдааны тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан боллоо

Монгол Улсын Их Хурлын даргын 2021 оны 45 дугаар захирамжаар Худалдааны тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболороор ахлуулан, Ц.Анандбазар, Ж.Ганбаатар, Д.Цогтбаатар, О.Цогтгэрэл, Л.Энх-Амгалан, Б.Энхбаяр нарын гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.

Өнөөдөр (2021.07.29) дээрх ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан боллоо.

Манай улсад худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн чөлөөт эдийн засгийн тогтолцоонд шилжсэн сүүлийн 30 жилийн хугацаанд худалдааны салбарыг нэгдсэн бодлогоор зохицуулсан бие даасан хууль, асуудал хариуцсан яамгүй байсаар байна.

Манай улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа 600 гаруй хууль тогтоомжоос 57 хуулийн 100 гаруй заалтаар худалдааны асуудлыг хэсэгчилсэн байдлаар зохицуулсаар ирсэн. Өнгөц харахад эрх зүйн орчныг нь бүрдүүлсэн мэт боловч худалдааны салбарт нэгдсэн бодлого стандарт байхгүй, хяналт сул, эрх бүхий байгууллагуудын ажлын давхардал хийдэл, уялдаа холбоо алдагдсан хэвээр байна. Тухайлбал, хуульд заасан чиг үүргийн дагуу Улсын Их Хурал худалдааны тарифын асуудлыг, Шадар сайд чөлөөт бүсийн асуудлыг, Гадаад харилцааны яам Дэлхийн худалдааны байгууллагатай харилцах асуудлыг, Сангийн яам гаалийн бодлогын асуудлыг, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам дотоод худалдааны асуудлыг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам газрын баялгийн экспортын асуудлыг хариуцан ажилладаг нь олон сөрөг үр дагавар үүсгэж байгааг мэргэжилтнүүд хэлж байна.


Ажлын дэд хэсгийн хуралдаанаар Олон улсын эдийн засгийн ухааны доктор Б.Санжмятав Монгол Улсын худалдааны тулгамдсан асуудлууд, хуулийн төсөл боловсруулах шаардлагын талаар танилцуулга хийв. Мөн УИХ-ын гишүүн асан, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дэд дарга Д.Дэмбэрэл өмнө нь боловсруулагдаж байсан хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өгсөн бол МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин худалдааны эрх зүйн орчны талаарх мэдээллийг өглөө.

Дэлхийн томоохон эдийн засагтайд тооцогддог, үйлдвэржсэн орнууд худалдааны хууль тогтоомжтой байдаг. Манай улс Япон Улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулж, Европын холбооны хөнгөлөлтийн систем буюу GSP+-ийн хүрээнд Монгол Улсаас гарал үүсэлтэй 7200 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд гаалийн тарифын хөнгөлөлт эдэлдэг ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байна.

Худалдааны салбар нь 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр ДНБ-ий 15.4 хувь, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн 40 хувийг тус тус бүрдүүлж байна. Ажиллах хүчний зах зээлд ч томоохон байр суурь эзэлдэг бөгөөд улсын хэмжээнд худалдааны салбарт 2020 онд 165.6 мянган хүн ажиллаж байгаа нь нийт ажиллагсдын 14.7 хувийг эзэлж байна. Худалдааны салбарын нийт борлуулалт 2020 оны эцэст 22 их наяд төгрөг болж, 2019 оноос 1.6 их наяд төгрөг буюу 6.9 хувиар буурчээ. Худалдааны салбарын нийт борлуулалтын 83.6 хувь нь Улаанбаатар хотод ногдож байна.

Худалдааны тухай хуулийн төсөлд худалдааны орчин, тээвэр, логистик, үйлдвэрлэл, гааль, татвар, чөлөөт бүс, хөрөнгө оруулалт, экспортыг дэмжих хөнгөлөлт урамшуулал зэрэг бүхий л салбарын асуудлыг хамарсан цогц зохицуулалтыг тусгах шаардлагатайг ажлын дэд хэсгийн гишүүд хэллээ. Хэдийгээр худалдаа аль болох чөлөөтэй байх зарчмыг баримтлах ёстой ч төрөөс нэгдсэн бодлого, оновчтой хуулийн зохицуулалтыг хийх шаардлагатай гэлээ. Дэлхийн худалдааны байгууллагын зарчим, олон улсын гэрээ хэлэлцээрийг тусгахын зэрэгцээ өөрийн орны онцлогт тохируулах нь хуулийг бодитоор хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтойг ч сануулсан юм. Түүнчлэн цаг үеийн шаардлага, эдийн засгийн хөгжлийн явцад үүсэж буй шинэ чиг хандлагуудыг харгалзан хуулийн төслийн зорилго, агуулгыг тодорхойлох талаар ажлын дэд хэсгийн гишүүд саналаа илэрхийлсэн юм. Тухайлбал, КОВИД-19 цар тахлын нөлөөлөл, цахим худалдаа, цахим шилжилтийн талаар хөндөв.

Одоо цар тахлын дараагаар улс орнууд үндэсний эдийн засгийн бие даасан байдлыг хангах, бүс нутгийн худалдаа, эдийн засгийн интеграцад нэгдэхэд түлхүү анхаарах болж, урт хугацааны бодлого, стратегийг боловсруулан хэрэгжүүлэхийг зорьж байгаа тул нэгдсэн бодлого зохицуулалт чухал байна.

Дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих, хэрэглээг сайжруулах эрх зүйн хөшүүрэг, төрийн нэгдсэн бодлого, асуудал хариуцсан яам, агентлаггүй байгаа нь гадаад худалдааны үзүүлэлтэд ч сөргөөр нөлөөлж байна. Гадаад худалдааны үзүүлэлтүүд буурч, нийт бараа эргэлт 2020 онд 12.9 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 6.4 хувиар буурчээ. Экспортоор 7.6 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргаснаар 2019 оноос 0.6 хувиар буурсан байна. КОВИД-19 цар тархалттай холбоотойгоор дотоодын үйлдвэрлэл саарч, хилийн боомтуудын үйл ажиллагаа удааширснаар экспортын хэмжээ саарсан үзүүлэлт байгааг анхаарах хэрэгтэйг ажлын дэд хэсгийн хуралдаанаар хөндлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 

 

 

 

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл