Азийн Парламентын Ассамблей (АПА)-н Төсөв, төлөвлөлтийн байнгын хорооны цахим хуралдаан өнөөдөр (2021.08.04) Улаанбаатарын цагаар 15.00 цагт боллоо. Уг хуралдаанд Монгол Улсын парламентыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа оролцов.
Цахим хурлыг ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын гишүүн, Төрийн Дум дахь АПА-н бүлгийн дарга А.В.Ляшченко удирдан явуулсан бөгөөд 12 улсын парламентын 35 төлөөлөгч оролцсон юм.
АПА-н Төсөв, төлөвлөлтийн байнгын хорооны энэ удаагийн хурлаар тус Ассамблейн гишүүн орнуудын гишүүнчлэлийн төлбөрийн хэмжээг тогтоох асуудлыг хэлэлцлээ. Мөн үйл ажиллагаа, зохион байгуулалтыг хэрхэн сайжруулах, төсвийн ил тод байдал, санхүүгийн нөөцийг үр ашигтай удирдах зэрэг асуудлыг хөндөж ярилцлаа.
Дашрамд тэмдэглэхэд, 2006 онд үүсгэн байгуулагдсан Азийн Парламентын Ассамблей нь 44 гишүүн, 14 ажиглагч орныг эгнээндээ нэгтгэсэн. Азийн улс орнууд өөр хоорондоо нягт холбоо тогтоон олон салбарт хамтын ажиллагаа явуулах, бүс нутагт энхтайван, аюулгүй байдал тогтоох, Азийн орнуудын статусыг олон улсын талбарт тогтворжуулах, ардчиллыг дэмжих, дэлхийд болж буй үйл явцад Азийн парламентуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, эдийн засгийн байдлыг тэнцвэржүүлж, худалдааг хөгжүүлэх, ядуурал, авлига, хүний эрхийн зөрчил, хүний наймаа, терроризмын эсрэг тэмцэх зэрэг чиглэлээр Азийн улс орнуудын олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд АПА нь чухал ач холбогдолтой яриа хэлэлцээрийн талбар юм.
АПА-н хурал чуулганд Монгол Улсын Их Хурлын төлөөлөгчид идэвхтэй оролцсоор ирсэн гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.