Цэс

Холбоо барих

Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа

    Монгол Улсын Их Хурлын даргын 2021 оны 54 дүгээр захирамжаар Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал ахалж,  бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, П.Анужин, Э.Бат-Амгалан, Т.Доржханд, Л.Мөнхбаатар, Б.Саранчимэг, Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар нар ажиллаж байгаа юм.


    Ажлын хэсэг өнөөдөр (2021.08.04) анхны хуралдаанаа хийж, хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүнийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал дэлгэрэнгүй танилцууллаа. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл төслүүдийн талаар танилцуулсан. Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийн талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ танилцуулав.


    Төслүүдийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, ажлын дэд хэсгийн гишүүдээс тодруулга, тайлбар авлаа. Тухайлбал, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх үндэсний төв, Зэвсэгт хүчний кибер аюулгүй байдлын нэгж, Үндэсний дата төв зэрэг байгууллагын статус, эрх зүйн байдлыг тодорхой болгох, мэдээллийн технологийн салбарын боловсон хүчний асуудлыг шийдвэрлэх, төрийн мэдээллийн санг хамгаалах, хадгалах, тэдгээрийг архивлах, аюулгүй байдлыг баталгаажуулах, Үндсэн хуулиар баталгаажсан хувь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, иргэдийн мэдээллийг нэгтгэн цуглуулсан цахим сангийн аюулгүй байдлын талаар тодруулж, төслүүд дэх зохицуулалтын талаар болон олон улсын жишиг, үүсч болох эрсдэлийн талаар санал бодлоо илэрхийлж байв. Мөн нэр дурдагдаж буй дөрвөн төслийг тус тусад нь хэлэлцэх шаардлагатай гэдэг байр суурийг Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Ж.Сүхбаатар нар илэрхийлж байв.


    Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал “Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Тагнуулын ерөнхий газрын Мэдээллийн аюулгүй байдлын газар болон “Үндэсний дата төв” УТҮГ-т ажилласан, маргааш Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцах болно. Үүний дараа дөрвөн төслийн ажлын дэд хэсэг тус бүрдээ хуралдана, дараа нь 2021 оны наймдугаар сарын 10-ны өдөр олон нийтийн хэлэлцүүлэг хийнэ. Мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжилтнүүдийг оролцуулсан энэ хэлэлцүүлгийн дараа Улсын Их Хурлын даргын 2021 оны 54 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хуралдаж, хуулийн төсөл бүрийн заалт нэг бүрээр хэлэлцэхээр төлөвлөөд байна” хэмээн ажлын хэсгийн төлөвлөгөөг танилцуулж, гишүүдэд мэдээлэл өгсөн юм.


    Эдгээр төслийг хэлэлцэн, баталснаар төрийн цахим шилжилтийг эрчимжүүлэх эрх зүйн орчин бүрдэж, улмаар төрийн хүнд суртал, авлигал арилж, төр цомхон, чадварлаг бүрэлдэхүүнтэйгээр аливаа үйлчилгээгээ шуурхай, хүртээмжтэйгээр иргэдэд хүргэдэг болох нөхцөл бүрдэнэ гэдэг хүлээлт бүгдэд байгаа гэдгийг онцолж, ажлын дэд хэсгийн гишүүдэд зарим саналыг хэлсэн. Мөн төслүүдийг баталсны дараа дагалдах журам, дүрмийн судалгааг гаргаж, тэдгээрийг богино хугацаанд хуулиуддаа нийцүүлэх ажлыг зохион байгуулах шаардлагатай тул дэд ажлын хэсэгт дагалдах журам, дүрмийн судалгааг гаргах чиглэл өгсөн. Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүдэд төслүүд, тэдгээртэй холбоотой мэдээлэл, Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнд захиалж хийлгэсэн судалгаануудыг тухай бүр цахимаар шуурхай хүргэж байгаа талаар ажлын хэсгийн ахлагч мэдээлэл өгсөн юм.  

    Ийнхүү Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн анхны хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл