Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2021 оны 28 дугаарын тойм


    Эмхэтгэлийн шинэ дугаарт Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэллээ. Тус хуулиар газрын тосны дайвар бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулснаар хуурамч шатахуун үйлдвэрлэн, борлуулж байгаль орчин, иргэдийн эрүүл мэнд, эдийн засаг, бизнесийн орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулж, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, улсын төсөвт төвлөрүүлэх орлого нэмэгдэхээр байна. Хуульд онцгой албан татвар ногдох бараа, үйл ажиллагааны нэр төрөлд газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосиныг нэмж, газрын тосны дайвар бүтээгдэхүүн гэдэгт хүнд фракцын дизелийн түлш, нафта, алкилатыг ойлгох, эдгээр бүтээгдэхүүнүүдэд ногдуулах онцгой албан татварын хэмжээг нэг тонн тутамд 285000 төгрөгөөр тогтоох зохицуулалтыг тусгасан байна.  

    Мөн өмнөх дугааруудад нийтэлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт  үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт  оруулах тухай, Өршөөл үзүүлэх тухай хуулиудын монгол бичгийн хөрвүүлгийг нийтлэв. 

    Түүнчлэн энэ удаагийн дугаарт Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох, зардлын хэмжээг батлах, техник хэрэгсэл хэрэглэх тухай болон Авлигатай тэмцэх газрын дэд даргыг томилсон талаарх Улсын Их Хурлын тогтоолуудыг тус тус нийтэллээ. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэхээр товлон зарлаж, 18, 28 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 2,287,344,090.0 төгрөгөөр баталж, нөхөн сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмж хэрэглэхийг тус тус зөвшөөрсөн байна. 

    Мөн батлан хамгаалах салбарын зарим алба хаагчдад дэслэгч генерал, хошууч генерал, бригадын генерал цол хүртээх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл