Цэс

Холбоо барих

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаар мэдээлэл сонсов

Улсын Их Хурлын Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хорооны хуралдаан өнөөдөр (2021.07.05) 16 цаг 17 минутад эхэлж, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаар мэдээлэл сонслоо.

Мэдээллийг нийслэлийн Засаг даргын зөвлөх Р.Дагва хийв. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлаас 1994 онд баталсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль нь нийслэлийн нийгэм, эдийн засгийн асуудлыг 27 жилийн хугацаанд зохицуулж байгаа бөгөөд уг хуульд нэг удаа өөрчлөлт оруулжээ.


Монгол Улсын нийслэлийн чиг үүргийг гүйцэтгэж байгаа онцлог нэгж болох Улаанбаатар хотод үйлчлэх нийт 150 гаруй хууль тогтоомж нь өөр хоорондоо уялдаа муутай, зарим зохицуулалт нь давхардсан, нийслэл хотын онцлог, цаашдын хөгжлийн загвар, улс орны хөгжилд гүйцэтгэх үүрэг, төрийн бусад байгууллагатай харилцах зэрэг асуудлаар бусад орны жишгийг судалж, нэвтрүүлэх талаар олон судалгаа, практик ажилтнуудын санал зөвлөмж гарсаар байна.

Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэх, дээр дурдсан бодлогын баримт бичигт тусгасан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх, хуулийн төслийг боловсруулах хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан судалгааны санал, зөвлөмжид үндэслэн нийслэл хот нийгэм, эдийн засгийн хувьд бие даан хөгжих хөшүүргийг бий болгох, хүн амын төвлөрлийг сааруулах, нийслэлийг нэг төвт хотоос олон төвт, орчин үеийн хот болгон хөгжүүлэх, нийслэлийн дагуул хот, тосгодыг хөгжүүлэх, нийслэлийн удирдлагын эрх зүйн байдлыг боловсронгуй болгох зорилгоор хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлж, түүнд нийцүүлж Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловрууллаа.

Хуулийн төсөл нь нийт 7 бүлэг, 51 зүйлээс бүрдэх бөгөөд хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараах харилцааг зохицуулахаар тусгалаа.

Хуулийн төслийн зорилт нь нийслэл Улаанбаатар хотын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх эдийн засгийн үндэс, үйл ажиллагааны зарчим, удирдлагын эрх хэмжээ, нийслэл хотын удирдлагаас төрийн дээд, төв байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болон бусад этгээдтэй харилцах эрх зүйн үндсийг тодорхойлоход оршино.

Хуулийн төслийн Нэгдүгээр бүлэгт, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн зорилт, үйлчлэх хүрээ, нийслэл хотын зохион байгуулалтын үндэс, нийслэл хотыг хөгжүүлэх бодлого, нийслэл хотын эдэлбэр газар, бүсчлэлтэй холбоотой харилцааг тусгалаа.

Хоёрдугаар бүлэгт, нийслэл хотын чиг үүрэг, нийслэлийн дүрмийн талаар тусгалаа. Нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болохын хувьд Монгол Улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд заасан чиг үүргээс гадна нийслэл хот болохын хувьд хэрэгжүүлэх тусгай болон хотын аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлэх бусад чиг үүргийг энэхүү хуулийн төсөлд тодорхойлов. Нийслэл хот өөрийн дүрэмтэй байх бөгөөд дүрмийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батлахаар тусгав. Хотын дүрэмд тусгах асуудлыг хуульд тодорхой зааж өглөө. Тухайлбал, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, авто зогсоол, автозамын арчлалт хамгаалалт, шашны, соёлын үйл ажиллагаа, аялал жуулчлалын байгууллага, зочид буудлын үйл ажилагааны бүртгэл, зэрэглэл тогтоох, мал, тэжээвэр амьтны зохицуулалт, такси, хүртгэлтийн үйлчилгээ, нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дроны ашиглалт зэрэг нийслэл дэх нарийвчилсан зохицуулалт шаардлагатай үйл ажиллагааг зохицуулахаар тусгав.

Гуравдугаар бүлэгт, нийслэл хотын эдийн засгийн харилцааны талаар тусгасан бөгөөд нийслэл хот нь Монгол Улсын Үндсэн хуулиар тодорхойлсон “эдийн засаг, нийгмийн цогцолбор”-ын хувьд тусгай болон хотын аж ахуйн асуудлаарх бусад чиг үүргийг хэрэгжүүлэхдээ эдийн засаг, нийгмийн асуудлаа бие даан шийдвэрлэх бодит боломжийг бүрдүүлэхийг зорилоо.

Дөрөвдүгээр бүлэгт, нийслэлийн удирдлагын тогтолцоо, бүрэн эрх, ажлын уялдааны талаар тусгалаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн бүрэн эрхийг тодорхой болгон тусгаж, хотын аж ахуйн чиглэлээрх зарим бүрэн эрхийг хотын Ерөнхий менежерт шилжүүлэн хэрэгжүүлж болох талаар тусгав. Ийнхүү шилжүүлсэн нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Тавдугаар бүлэгт, нийслэлээс бусад этгээдтэй харилцах харилцааны талаар тусгасан бөгөөд нийслэл хотын чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд төрийн дээд, төв байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгж, улсын зэрэглэлтэй хот, дүүргийн удирдлага, иргэн, аж ахуйн нэгжтэй нийслэлийн удирдлагын зүгээс харилцах харилцааг тодорхой тусгав.

Зургаадугаар бүлэгт, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөгжлийг дэмжих, иргэдийн таатай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, нийслэл хотод болон иргэн аж ахуйн нэгж байгууллагад эдийн засгийн хувьд эерэг нөлөө үзүүлэх зорилгоор нийслэл хотын дагуул хот болон эдийн засгийн тусгай бүс байгуулах эрх зүйн орчинг бүрдүүллээ.

Нийслэл хотын дагуул хот нь эдэлбэр газартай, хүн ам, эдийн засаг, дэд бүтэц, тээвэр, логистикийн нэгдмэл тогтолцоог бүрдүүлж, газар зүйн байрлал болон нийслэл хотын тусгай чиг үүргийг гүйцэтгэхэд стратегийн ач холбогдолтой, дэд бүтэц бүхий төвлөрсөн суурин газар байхаар тодорхойлов.

Долоодугаар бүлэгт, нийслэлийн үйл ажиллагаа, удирдлагаас гаргаж буй шийдвэр болон төсөв санхүү нээлттэй, ил тод байх, нийслэлийн гадаад хамтын ажиллагаа, нийслэл хотын өдөр, нийслэлийн шагналын талаар болон хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага, хууль хүчин төгөлдөр болох хугацааны талаар тусгалаа гэв.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, М.Оюунчимэг, Б.Жаргалмаа, П.Анужин, Ж.Чинбүрэн нар хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлж, хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, тайлбар авав. Гишүүдийн зүгээс хуулийн төслийн 8.3.8-г тодруулж, дэд бүтцийг холбогдох яам, нийслэл хоёр тусдаа шийдвэрлэх нь хуульд нийцэж байгаа эсэх талаар, мөн Туул голын дагуух барилга байгууламж, газрын асуудалтай холбоотой маргаан олон жил асуудал дагуулж ирсэн, үүнийг хэрхэн зохицуулж байгаа тодруулав. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хийсэн тайлбартаа, эрх зүйн хэм хэмжээг нийслэл өөртөө дангаараа авах гэсэн зүйл байхгүй, олон нийтэд буруу ойлголт түгээж буйд шүүмжлэлтэй хандав. Засаг даргын зөвлөх Р.Дагва барилга байгууламж, газрын асуудалтай холбогдуулан, эрх зүйн зохицуулалтын хувьд Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон нийслэл хоорондын зөрчилдөөнтэй асуудал өнөөдрийг хүртэл байсан тул хуульд тусгаж, уг асуудлыг нэг талдаа гаргах боломж бүрдэнэ гэсэн тайлбар хийв.


Ийнхүү Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хорооны дарга Э.Бат-Амгалан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаар мэдээлэл сонссонд тооцож, өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл