Улсын Их Хурлын Парламентын судалгааны хүрээлэн, MERIT төсөл хамтран “Төсөвт жендэрийн дүн шинжилгээ хийх нь” цахим сургалтыг өнөөдөр (2021.06.28) зохион байгууллаа.
Уг сургалтад Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт-шалгалт, үнэлгээний газар, Төсвийн хяналт шинжилгээний хэлтэс, Парламентын судалгааны хүрээлэн, Төсвийн байнгын хороо, Зөвлөхүүдийн ажлын албаны нийт 38 ажилтан хамрагдав.
Тамгын газар нь Улсын Их Хурал нь гишүүд, Байнгын, дэд, түр хорооны үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах үүргийг гүйцэтгэдэг. Тамгын газрын ажилтнууд энэхүү сургалтад хамрагдсанаар төсөвт жендэрийн дүн шинжилгээ хийх арга зүйд суралцаж, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлого, хөтөлбөрт тавигдах үндсэн шаардлага, шалгуурыг боловсруулж, дүн шинжилгээ хийх мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэх, төрийн бодлого, үйл ажиллагааны үр дүн, нөлөөг хэрхэн сайжруулах талаарх мэдлэгийг эзэмших юм.
“Төсөв жендэрийн дүн шинжилгээ хийх нь” сургалтыг нээж, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Катрин Э.Ивкоф, Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт-шалгалт, үнэлгээний газрын дарга Б.Эрдэнэбилэгт нар үг хэлж, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Сургалтын ерөнхий чиглүүлэгчээр MERIT төслийн Техникийн зөвлөх Мишэл Филион, MERIT төслийн Үндэсний зөвлөх Л.Отгонтуяа нар ажиллаж, “Төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх бүх үе шатанд жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг тусгах үндэслэл, олон улсын гэрээ, конвенц”, “Төсвийн зарлага, санхүүгийн хариуцлагын хөтөлбөр (PEFA)-ийн аргачлал, улсын төсвийн үр өгөөжийг нэмэгдүүлэх шалгуур”, “Жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлогод тавигдах үндсэн шаардлага (хүйсээр ангилсан үзүүлэлт, жендэрийн ялгаатай нөлөөллийн шинжилгээ, жендэрийн нөхцөл байдал, үндэслэл, жендэрийн асуудлыг авч үзэх, шийдвэрлэхэд чиглэсэн төсөвлөлт мөн эсэх)-ыг тодорхойлох” зэрэг сэдвээр мэдээлэл өгч, сургалт явуулав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.