Цэс

Холбоо барих

Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр Элчин сайд Азамат Усеновыг хүлээн авч уулзав

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр өнөөдөр (2017.11.02) Бүгд Найрамдах Киргиз Улсаас /БНКУ/ Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азамат Усеновыг хүлээн авч уулзав.


Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, хоёр орны найрамдалт харилцаа амжилттай үргэлжилж байгааг онцлоод, хоёр орны эдийн засаг, худалдаа, соёл урлагийн салбарын ажлыг идэвхжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд Азамат Усенов, Байнгын хорооны даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, БНКУ-ын парламентын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Шагиев Аскарбек Алимбаевичийн мэндчилгээг уламжлав. Мөн энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгаа, киргизчууд шинэ Ерөнхийлөгчөөрөө Сооронбай Шарипович Жээнбековыг сонгосон талаар мэдээллээ. Шинээр томилогдсон Элчин сайдын хувьд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа мэдэгдлээ.

Уулзалтын үеэр Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, Монгол Улсын баруун бүсэд замын сүлжээ байгуулж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн салбарыг дэмжих боломж нээгдэж байгаа, мөн батлан хамгаалахын салбарт энхийг сахиулах ажиллагаанд Киргизийн цэргийн алба хаагчдыг хамруулахыг хөндөж ярилаа.

Уулзалтаар хоёр орны хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах, соёл урлагийн салбарт эрчимжүүлэхэд хоёр тал санал нэгдэв.

Уулзалтын төгсгөлд Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр БНКУ-д Монгол Улсын элчин сайдын яам байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл