Цэс

Холбоо барих

Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон түүнийг дагалдан гарах хуулийн төслүүдийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.06.24) Монгол Улсын Засгийн газраас Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон түүнийг дагалдан гарах хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өргөн барив.

Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон түүнийг дагалдан гарах хуулийн төслүүдийг өмнө нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтсон.


Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Улсын Их Хуралд өргөн баригдсан байсан Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон түүнийг дагалдан гарах хуулийн төслүүдийг дахин эргэн харах, сайжруулах, илүү боловсронгуй болгох, эрдэмтэн, судлаачдын саналыг тусгах шаардлага буйг хуулийн төсөл өргөн барих үеэр хэлэв.

Тэрбээр, Засгийн газрын 100 хоногт их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн эрдэмтэн, судлаачдыг оролцуулан найман зөвлөх багийг байгуулан ажилласны үр дүнд хүний насан туршдаа суралцах боломж, хэлбэрүүдийг тодорхой болгож, амьдрах орчноос суралцах асуудлыг боловсролын тогтолцооны салшгүй хэсэг гэж хүлээн зөвшөөрөх; Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу заавал эзэмших боловсролыг 12 жил байхаар тусгах; иргэний эзэмшсэн мэдлэг ур чадварыг үнэлэх, мэргэжлийн үндэсний шаталсан бүтцийг шинэчлэх, олон улсын ISCED 2011 ангилалд шилжүүлэх; дэлхийн иргэнийг хөгжүүлж, “Үндсэн гадаад хэл нь англи хэл байна” гэсэн эрх зүйн зохицуулалтыг тусгах; бүх шатны боловсролын чанарын баталгаажуулалтын асуудлыг тусгах; боловсролын сургалтын байгууллагын бүтэц, статус, чиг үүрэг, тэдэнд тавигдах шаардлагыг оновчтой болгох; боловсролын санхүүжилтийг боловсролын үйлчилгээний гүйцэтгэл, чанар, үр дүнд чиглэдэг болгох; сурлагын ахиц дэвшлийн үнэлгээний тогтолцоог бий болгож, сургалтын чанарт суурилсан багшийн ажлын үнэлэмж, цалин, урамшуулал, нийгмийн баталгааг боловсронгуй болгох зэрэг олон сайхан санал, зөвлөмжүүдийг Боловсролын ерөнхий хууль болон түүнийг дагалдан гарах хуулиудын төсөлд тусган орууллаа гэв.


Хууль хэрэгжснээр Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн “Хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгж боломж бүрдүүлж, боловсролыг хувь хүний хөгжил, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болгон насан туршдаа суралцахуйн тогтолцоог бэхжүүлэх” зорилгоо хэрэгжүүлэх таатай боломж бүрдэнэ хэмээн хууль санаачлагч хэллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл