Аргын тооллын 2017 оны дөрөвдүгээр сарын таван, билгийн тооллоор хаврын дунд харагчин туулай сарын шинийн есний найралт одтой энэ өдрийн 10 цаг 08 минутад Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулган үйл ажиллагаагаа эхэллээ.
Хаврын ээлжит чуулганы нээлтэд Улсын Их Хурлын гишүүдийн 71,1 хувь буюу 54 гишүүн хүрэлцэн ирсэн байлаа. Мөн чуулганы нээлтэд Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн зарим гишүүд, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцов.
Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга М.Энхболд үг хэллээ. Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, УИХ хэдхэн сарын өмнө 2016 оны төсөвт тодотгол хийж, 2017 оны улсын төсвийг батлахдаа санхүүгийн сахилга батыг сайжруулахад анхаарч, хяналтгүй 5 төсөвтэй байсныг нэгтгэн нэг болгож, хэмнэлтийн горимд шилжин, зардлаа хасч, орлогоо нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарсан билээ. УИХ-ын энэ бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газар тууштай ажиллаж, зохих арга хэмжээ авснаар санхүү-эдийн засгийн эерэг өөрчлөлтүүд гарч байна. Тухайлбал, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2017 оны эхний 2 сарын гүйцэтгэлээр өмнөх оны мөн үеэс 36 хувиар буюу 254.5 тэрбум төгрөгөөр өсч, орлогын төлөвлөгөө 100 хувь биеллээ.
Татварын орлого 10.3 тэрбум төгрөгөөр давж биеллээ. 2017 оны эхний 2 сарын гүйцэтгэлээр төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулсан төсөв 154.4 тэрбум төгрөгөөр хэмнэгджээ. Гадаад худалдааны тэнцэл ашигтай гарч, ам. долларын ханш тогтворжиж байна.
Монгол Улсын Засгийн газар төлбөр төлөх хугацаа нь болоод байсан Монгол Улсын Хөгжлийн банкны 580 сая ам. долларын бондын төлбөрийг хөрвүүлж, “Хуралдай” бондыг олон улсын хөрөнгийн зах зээлд амжилттай арилжааллаа. Энэ үеэр олон улсын санхүүгийн зах зээлийн хөрөнгө оруулагчид 3.3 тэрбум ам. долларын бонд худалдаж авахад бэлэн байгаагаа илэрхийлсэн нь хэдхэн сарын өмнө зээл авч чадахгүйдээ тулаад байсан Монгол Улсад итгэх хөрөнгө оруулагчдын итгэл эргэн сэргэсний нотолгоо боллоо. УИХ-аас Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг шинэчлэн баталж, төлбөрийн чадварыг нь сайжруулах шийдвэртэй алхам хийсэн нь ийм эерэг үр дагавар гарахад зохих түлхэц болсныг онцлов.
Мөн Засгийн газар, Монголбанкнаас Олон Улсын Валютын Сантай чамгүй урт хугацаанд, амаргүй яриа хэлэлцээр хийсний үр дүнд хөтөлбөр хэрэгжүүлэх урьдчилсан тохиролцоонд хүрсэн. ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” санхүүгийн салбарын засаглал, хяналт шалгалтыг сайжруулах шинэчлэлийг хийхэд бидэнд тусална. Мөн урьд нь гарсан алдаа дутагдал юунд байсныг ч тодруулж өгнө. Хөтөлбөр эдийн засгийн хүндрэлийг даван туулж, улс орны санхүү, эдийн засгийн байдал тогтворжих, банк, санхүүгийн систем эрүүлжин, бизнесийн орчин сайжрах, хөрөнгө оруулагчдыг татах, иргэдийн амьдрал дээшлүүлэхэд нааштай үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна гээд Монгол Улсын ардчилсан шинэтгэлийг гүнзгийрүүлэх, учирсан саад бэрхшээлийг гэтлэн давах чиглэлээр байнга зөвлөж, дэмжиж байдаг найрсаг харилцаат улс орнууд, олон улсын түнш байгууллага, тэдгээрийн элч төлөөлөгч нарт Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.
ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд хэд хэдэн асуудлыг энэхүү чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Юуны түрүүнд Монгол Улсын 2017 оны төсөвт тодотгол хийх шаардлагатай. Тодотголоор төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг сайжруулах, төсвийн орлогын тогтвортой эх үүсвэр бий болгох, төсвийн сахилга, хариуцлагыг чангатган, зарлагын үр ашгийг дээшлүүлэх талаар хэрэгжүүлж байгаа бодлогыг шинэ түвшинд үргэлжлүүлэх болно. Төсвийн тодотголтой хамт зарим төрлийн татварыг үе шаттай нэмэх, тэтгэврийн насыг уртасгах зэрэг асуудлыг хэлэлцэх болно. Ингэхдээ олонх цөөнх гэж хуваагдалгүй, оноо очков авах гэлгүйгээр, иргэдийн амьжиргаанд сөрөг нөлөө багатайгаар шийдэх чиглэлийг баримтлах нь зүйтэй гэдгийг Улсын Их Хурлын дарга онцоллоо.
/УИХ-ын хэлсэн үгийг http://www.parliament.mn/n/eoxy цахим сайтаас бүрэн эрхээр нь уншаарай/
Дараа нь Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улс бол хангалттай ардчилалтай улс, гэвч эдүгээ хариуцлагын асуудал нэн чухлаар тавигдаж байгаа, учир нь эдийн засгийн хямралт байдал нь хариуцлагагүй байдлаас эхлэлтэй тул нэгд, хариуцлагын талаарх эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх, хоёрт, бизнес дэх улс төрийн оролцоог багасгаж төр, бизнес хоёрыг салгаж зааглах, гуравт, төрийн албаны эрх зүйн зохицуулалтыг шинэчилж төлөвлөгдсөн зорилт, үйл ажиллагааг батлагдсан төсвөөр хамгийн үр дүнтэй хэрэгжүүлдэг жишгийг төрийн бүх шатны байгууллагад тогтоох зэрэг асуудлыг хөндөв. Мөн төрөө засахын тулд эхлээд улс төрийн намуудад байгаа гажуудлыг засаж Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн ард түмэндээ үйлчилдэг, үйл ажиллагаа нь нээлттэй намуудтай болох, гүйцэтгэх засаглалын чадамжийг дээшлүүлэх, үүний тулд эхлээд хэн нэгнээс биш тогтолцооноосоо хамаарч буй гажуудлыг засах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв. Ерөнхийлөгч эцэст нь хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, үр хөндөлтийн асуудлын талаар зарим баримт дурдан онцолж, Монголын ирээдүй, залуу үед заналхийлж буй эдгээр асуудлаар төр хатуу бодлого барьж, тодорхой бодлого гаргаж ажиллах шаардлагатай байгааг Улсын Их Хурлын гишүүдэд санууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.