Цэс

Холбоо барих

ЁЗСХБХ: Монгол Улсын 2021 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны өнөөдрийн (2021.07.01) хуралдаан 21 цаг 15 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, хоёр асуудал хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд Засгийн газраас энэ сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав.

Төрийн аудитын тухай хуульд заасан Үндэсний аудитын газрын бүрэн эрхийн хүрээнд Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдрөөр дуусвар болсон санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат хуралдаанд танилцуулсан юм.

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны харьяа Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газрын 2020 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийжээ.

Төрийн албаны зөвлөлийн даргын төсвийн захирагчийн 2020 онд хэрэгжүүлэх 1 хөтөлбөрийн 7 арга хэмжээг санхүүжүүлэхээр 3,492.9 сая төгрөгийн төсөв батлагдаж, гүйцэтгэлээр улсын төсвөөс 3,461.5 сая төгрөгийн санхүүжилт авсан. Төсвийн нийт зардлын гүйцэтгэл 2,940.2 сая төгрөг буюу 84.2 хувьтай байна. Төрийн албаны зөвлөлийн даргын төсвийн 2020 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд “Зөрчилгүй” дүгнэлт өгчээ.

Аудитаар элэгдлээрээ анхны өртгөө нөхсөн хөрөнгийн ашиглалтын хугацаа болон үнийг шинэчлэн тогтоох саналыг бэлтгэн холбогдох, эрх бүхий байгууллагад хүргүүлж, шийдвэрлүүлэх; төсвийн хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх дотоод аудитын нэгжтэй байна гэж заасны дагуу орон тоо, хүний нөөцийн боломжид тулгуурлан хэрэгжүүлж ажиллах гэсэн хоёр зөвлөмжийг хүргүүлжээ.

Авлигатай тэмцэх газрын даргын төсвийн ерөнхийлөн захирагчийн 2020 онд хэрэгжүүлэх 1 хөтөлбөр, 2 зорилт арга хэмжээг санхүүжүүлэхээр 27,058.2 сая төгрөгийн төсөв батлагдсанаас 25,987.5 сая төгрөгийг урсгал зардалд, 1,070.7 сая төгрөгийг хөрөнгийн зардалд зарцуулахаар батлагдаж, 26,389.3 сая төгрөгийн санхүүжилтийг авчээ. Төсвийн нийт зардлын гүйцэтгэл 25,554.5 сая төгрөг буюу 90.7 хувьтай байна. Авлигатай тэмцэх газрын даргын төсвийн 2020 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд “Зөрчилгүй” дүгнэлт өгсөн байна. Тус аудитаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай байгуулсан түрээсийн гэрээний заалтыг хэрэгжүүлж, хэвлэлийн цех болон цайны газрын зориулалттай ажлын байрыг түрээслэгч байгууллага, иргэнээс ашиглалтын зардал тооцон авч төсөвт төвлөрүүлэх нэг зөвлөмжийг хүргүүлсэн байна.

Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, Б.Бейсен нар орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлж, аудитын үйл ажиллагааг сайжруулахад авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар асууж, тодруулав. Мөн орон нутагт төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа барилга байгууламжийн норм, стандартыг мөрдүүлэх, тендерийн сонгон шалгаруулалтын үйл явцыг шалгах хэрэгтэй байгааг санууллаа.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан хүргүүлэхээр тогтов.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийн танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хийв. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсад (КОВИД-19) халдварын тархалт нэмэгдэж, урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдал үүсэж, ард иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалахад чиглэсэн зайлшгүй шаардлагатай нэмэлт санхүүжилт хийх цаг үеийн шаардлага үүсэж байгаагаас гадна хил орчмын цар тахлын тархалтын улмаас түүхий эдийн экспорт эрс буурч төсвийн орлогод сөргөөр нөлөөлж эхэлсэн. Иймд төсвийн тодотголын хүрээнд эрүүл мэндийн салбарын нэн шаардлагатай зардлыг санхүүжүүлэх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалахад чиглэсэн нийт 735.1 тэрбум төгрөг, хүүхдийн мөнгө болон нийгмийн халамжийн тэтгэмжийн 2021 он дуустал олгоход 618.9 тэрбум төгрөг, Засгийн газрын нөөц санг 60 тэрбум төгрөг, аймгийн Засаг дарга нарын нөөц санг 20 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлэхээр тооцжээ. Төрийн байгууллагууд төсөв хэмнэх горимд ажиллах, төлөвлөсөн арга хэмээг зайлшгүй хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага, үр дүн, ач холбогдлоор нь эрэмбэлж хэрэгжилтийг нь хойшлуулах, цуцлах зэргээр төсвийн урсгал зардлыг 132.9 тэрбум төгрөгөөр, хөрөнгө оруулалтын зардлыг 90 тэрбум төгрөгөөр, гадаад зээл ашиглалтын зардлыг 60 тэрбум төгрөгөөр нийт 282.9 тэрбум төгрөгөөр зардал танахаар тооцоолсон. Хэмнэгдсэн зардлыг “КОВИД-19” цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд зарцуулна Эдгээр бодлогын өөрчлөлтүүдийг Монгол Улсын 2021 оны төсвийн тодотголд тусгахад нэгдсэн төсвийн нийт орлого 597.7 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 13,731.7 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн нийт зарлага 1,796.7 тэрбум төгрөгөөр нэмэгдэн 15,748.3 тэрбум төгрөг болох ба төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -3,691.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -8.8 хувьтай тэнцэх юм байна.

Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс асуулт болон зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан Төсвийн байнгын хороонд танилцуулахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 

 

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл