Цэс

Холбоо барих

ТБХ:“Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, зээлийн хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцөхийг дэмжлээ


    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2021.06.30) цахим хуралдаан 09.05 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. 

    Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 

    Тус Байнгын хорооны харьяа Төсвийн ерөнхийлөн захирагчийн нэгтгэсэн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын талаар Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Төрийн аудитын тухай хуульд заасан Үндэсний аудитын газрын бүрэн эрхийн хүрээнд Төсвийн тухай хуулийн дагуу Төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийсэн гэдгийг тодотгоод Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд нийт 188 тайлан нэгтгэгдсэнээс 112 байгууллагад дүгнэлт гаргаж, 71 байгууллага аудитын түүвэрт хамрагдан, таван байгууллагад итгэл үзүүлсэн. Дүгнэлт гаргасан 112 байгууллагаас 106 байгууллагад “Зөрчилгүй”, зургаан байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн гэж байлаа. 

    Мөн Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар нийт 479.4 тэрбум төгрөгийн алдаа зөрчил илэрснээс 317.5 тэрбум төгрөгийн 188 алдааг аудитын явцад залруулж, 0.2 тэрбум төгрөгийн зөрчилд 14 төлбөрийн акт тогтоож, 158.1 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах 92 албан шаардлага хүргүүлж, 3.6 тэрбум төгрөгийн алдаа, зөрчлийг давтан гаргахгүй байх 162 зөвлөмж өгсөн гэж байлаа.  


    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын Ц.Сандаг-Очир, төсөвт байгууллага болон төрийн өмчит үйлдвэрийн газрууд улсын төсвөөс гадуур гүйлгээ, зарцуулалт хийсэн эсэх,  Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, санхүү бүртгэлийн ажилтнуудыг чадавхжуулах, хариуцлагыг сайжруулахад анхаарч ажилласан талаар тодруулав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэсэнтэй холбогдох санхүүжилтийн асуудал нь Засгийн газар, банкны нуруун дээр байгааг дурдаад “Эрдэнэс силвер ресурс” компани өр барагдуулсан эсэх, нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэсэнтэй холбогдуулан гарах санхүүжилтийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам авлагад тооцсон бол Сангийн яам тооцоололд нийцээгүйгээс үүдэлтэй зөрчлийг Үндэсний аудитын газар хэрхэн дүгнэснийг лавлаж байлаа. 

    2020 онд нийтдээ 6890 байгууллагад аудит хийсэн. Төсвөөс гадуурх бүртгэл тооцоотой данс, харьяалалгүй гүйлгээ гарсан зүйл байхгүй ч ковид-19 цар тахалтай холбоотойгоор Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор төрийн өмчит үйлдвэр, аж ахуйн нэгжүүдээс нэлээдгүй хөрөнгийг зарцуулах шийдвэр гарсан гэдгийг Үндэсний аудитын газрын дарга Д.Занданбат хариултдаа онцлов. Мөн энэхүү шийдвэрүүд нь Төсвийн тухай хуулийн 7.6.3-т нийцээгүйн зэрэгцээ УИХ-д бүрэн танилцуулаагүй тул анхааралдаа авах талаар аудитын нэгдсэн дүгнэлтэд дурдаж, зөвлөмжид тусгасан гэж байлаа. Мөн тэрбээр,  2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар аудит хийхэд “Эрдэнэс силвер ресурс” компани авлага барагдуулсан асуудал байгаагүй гэдгийг тодотгоод 642.6 тэрбум төгрөгтэй холбоотой Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Сангийн яамтай холбоотой зөрчлийн асуудлыг аудитын дүгнэлтэд тодорхой тусгасан. Хуулийн зохицуулалт нь тодорхойгүйгээс нийгмийн даатгалын шимтгэлийн 642.6 тэрбум төгрөгийн чөлөөлөлтийг ямар эх үүсвэрээс  хаах вэ гэдгийг шийдвэрлээгүй байгаа тул Улсын Их Хурал  анхааралдаа авч, хуульд тодорхой зохицуулалт хийхийг зөвлөмжид тусгасан гэж байлаа.

    Санхүү, бүртгэлийн  ажилтнуудыг чадавхуулах, хариуцлагыг нь сайжруулахын тулд Сангийн яам  байнгын сургалтад хамрагдах нөхцөлийг хангах үүднээс цахим сургалтын платформыг ажиллуулахын зэрэгцээ тэдний ачааллыг нь бууруулахын тулд цалингийн нэгдсэн системийн программчлалыг хангах, нягтлан бодох, бүртгэл, тайлагналтын нэгдсэн стандартыг нэвтрүүлж байна. Санхүү, бүртгэлийн ажилтнуудын ажлын ачаалал буурснаар мэдлэг, чадвараа нэмэгдүүлж, энэ нь хариуцлагыг сайжруулахад эерэг үзүүлэлтийг гаргана гэж Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга М.Батхуяг  нэмэлт тайлбарыг өгсөн. 

    Ингээд “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” тогтоол болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх Төсвийн байнгын хороо санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр болов. 


Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг зөвшилцөхийг дэмжив

    Үргэлжлүүлэн Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ирүүлсэн Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр (Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл)-ийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн. 

    Хуралдаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд, Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар болон Зам, тээврийн хөгжлийн яам, Сангийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албан тушаалтнууд оролцлоо.    

    Зээлийн хэлэлцээрийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигт Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нягтралыг бууруулах, ачааллыг тэнцвэржүүлэх, тээврийн эрэлтэд нийцсэн авто замын сүлжээг бий болгох, түгжрэлийг бууруулах болон байгаль орчинд ээлтэй, хүртээмжтэй, аюулгүй тээврийн үйлчилгээг хөгжүүлж, авто замын сүлжээг хөгжүүлэх чиглэлээр зорилтууд туссан талаар дурдаад эдгээр зорилтуудын хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-ийг хэрэгжүүлэхээр төслийн бэлтгэл ажлыг хангаад байна гэв. 

    Төсөл нь Гудамж замуудыг цогц шинэчлэлт; Нийтийн тээврийн системийн шинэчлэл; Зам, тээврийн үр ашигтай төлөвлөлт, удирдлагын институцийн чадавхыг бэхжүүлэх, зураг төсөл, ТЭЗҮ судалгааны ажил; болон Магадлашгүй, онц байдлын хариу арга хэмжээ гэсэн үндсэн дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтэй бөгөөд төслийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хариуцан таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм байна. Төслийг Дэлхийн банкны группын Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны 100.0 сая ам.долларын зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх бөгөөд Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олгох зээлийн хүү нь LIBOR 6 сар 0.15 хувь  + хувьсах хүү 0.93 хувь  байх ба ашиглагдаагүй үлдэгдлийн нийт дүнд тооцох хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл жилийн 0.25 хувь, нэг удаа авах үйлчилгээний хураамж 0.25 хувь байна гэж төслийн танилцуулгад дурдсан байлаа. 


    Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Ж.Батжаргал нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс төслийн хүрээнд нийслэлийн хэдэн байршилд хэчнээн км зам барих, дөрвөн бүрэлдэхүүн хэсэгт хэчнээн төгрөг зарцуулахаар төлөвлөгдсөнийг тодруулахын зэрэгцээ шинээр баригдсан автозамуудын эвдрэлийн шалтгааныг лавласан.  

    Нийслэл хотын шинээр баригдсан авто замын эвдэрэлд технологийн хугацаа мөрдөхгүй, ус зайлуулах сувгуудын дутагдал, зөвлөх компанийн үйлчилгээ, хяналт сул зэрэг гурван хүчин зүйлс нөлөөлж байна гэж Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хариулав.

    Төслийн хүрээнд нийслэлийн зургаан байршилд 35.5 км зам барих бөгөөд Нарны замыг зургаан эгнээ болгож өргөтгөх, зүүн, баруун чиглэлд шинэ зам барина. Ингэснээр Энхтайваны өргөн чөлөөний замын 85 мянган машины ачаалыг бууруулна. Мөн Ханын материалын замыг зургаан эгнээ болгож өргөтгөх, Өнөр хорооллоос хойш Хувьсгалчдын гудамж хүртэл босоо тэнхлэгийн дөрвөн эгнээ зам шинээр барина гэдгийг Нийслэлийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх  Ч.Батзориг хариултдаа онцлов.  Мөн төслийн хүрээнд зарцуулах 100 сая ам.доллараас гэрлэн дохио, камержуулалтын цогц шинэчлэлтэд 20 сая,  автозам сайжруулахад 60 сая,  зөвлөх үйлчилгээ, хяналтад 10 сая, монголын талаас газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтэд 10 сая ам.доллар тус тус зарцуулахаар төлөвлөсөн гэж байлаа. 

    Ингээд Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийн төслийг  зөвшилцөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 76.5 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар тогтов. 


Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ

    Хуралдааны төгсгөлд Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ төсөл)-ийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн. Хуралдаанд Эрүүл мэндийн яам, Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд оролцов.

    Зээлийн хэлэлцээрийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцуулав. Монгол Улсын Засгийн газар коронавируст халдвар, цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. Энэ хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөгдсөн, хатуу зохицуулалттай улс орноос яаралтай нөхцөлд ашиглах зөвшөөрөл авсан эсхүл КОВАКС хөтөлбөрийн хүрээнд зөвшөөрөгдсөн вакциныг худалдан авах, олон улсын тээвэрлэлтийг санхүүжүүлэх зорилго бүхий 21.0 сая ам.долларын “КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг байгуулахаар Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банктай тохиролцоод байгааг Эрүүл мэдийн сайд танилцуулгадаа онцолсон. 

  Энэхүү төсөл нь Азийн хөгжлийн банкны 19.0 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлэхээр хэлэлцээрийг байгуулаад буй “КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээг дэмжих төсөл”-ийн хамтарсан санхүүжилт хэлбэрээр олгогдох бөгөөд АДБХОБ-ны 50 хувиар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ВероСелл вакциныг худалдан авсан зардлыг нөхөн санхүүжүүлэх боломжтой. АДБХОБ-ны 21 сая ам, долларын хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 15 жил, үүнээс эхний 3  жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ба хөрөнгө баталгаажуулсны төлбөр 0.25 хувь байна гэж танилцуулгад  дурджээ.


    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүдийн зүгээс зээлийн хүү жилийн хэд болохыг тодруулахын зэрэгцээ Засгийн газрын нийт өрийн хэмжээг лавлав. Мөн зээлийн хэлэлцээрийн хүрээнд ямар вакцин худалдаж авахаар төлөвлөсөн болон хандив, тусламж болон Засгийн газрын худалдан авалтаар хэчнээн тун вакцин авсныг лавлаж байлаа. 

    Азийн хөгжлийн банкнаас авч байгаа зээлийн хүү жилийн 0.8 хувь гэдгийг Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газрын дарга И.Батхүү хариултдаа тодотгоод Засгийн газрын өрийн түвшин өнөөгийн үнэ цэнээр хуулиар заасан хязгаар нь 2021 онд 70 хувьтай байхаар зохицуулсан бөгөөд одоогийн  байдлаар 62 хувьтай байна гэв. 

    Эрүүл мэндийн сайд С.Энхболд хариултдаа, хандив тусламж, КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 4 сая 910 мянган тун вакцин хүлээн авсан. Үүнээс 230 мянган тун нь КОВАКС хөтөлбөрийн хүрээнд, 450 мянган тунг хандив тусламжаар, үлдсэнийг нь Засгийн газар худалдаж авсныг онцлов. Мөн тэрбээр, зээлийн санхүүжилтээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ВероСелл вакциныг худалдан авсан төлбөрийг хийхийн зэрэгцээ үлдсэн хөрөнгийг пфайзер вакцин авахаар санал өгсөн гэж байлаа. 

  Ингээд Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 76.5 хувь нь  дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл