Цэс

Холбоо барих

ЕАБХАБ-ны Ардчилал, хүний эрх, хүмүүнлэгийн асуудлаарх хорооны хуралд Монгол Улсын Их Хурлыг төлөөлж Д.Цогтбаатар гишүүн оролцлоо

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагаа (ЕАБХАБ)-ны Парламентын Ассамблейн ээлжит жилийн хурлын хүрээнд Ардчилал, хүний эрх, хүмүүнлэгийн асуудлаарх хорооны хурал өчигдөр /2021.06.30/ цахимаар зохион байгуулагдаж, гишүүн орнуудын парламентын 180 гаруй төлөөлөгчид оролцов.

Тус хорооны хуралд Монгол Улсын Их Хурлыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн дарга Д.Цогтбаатар оролцлоо.

 

ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн дэд ерөнхийлөгч, Ардчилал, хүний эрх, хүмүүнлэгийн асуудлаарх хорооны илтгэгч хатагтай Кари Хенриксен “Дэлхийн хямралын үед олон талт үзлийг бэхжүүлэх нь: цаашдын арга хэмжээ авах парламентын уриалга” сэдвээр тус хорооны илтгэлийг танилцуулав. Илтгэлд дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед хүний эрх, эрх чөлөө хэрхэн зөрчигдөж, хязгаарлагдаж байгаа талаар болон хүний аюулгүй байдлыг хангахад тулгарч буй бэрхшээлүүдийн талаар дэлгэрэнгүй тусгаж, үүнийг даван туулахын тулд идэвхтэй, олон талт хүчин чармайлт шаардаж буйг тэмдэглэн цаашид авах арга хэмжээнүүдийн чиглэлээр 14 зөвлөмж, саналыг дэвшүүлсэн байна. Илтгэлтэй холбоотойгоор төлөөлөгчид санал бодлоо илэрхийлж, илтгэлд тусгагдсан асуудлуудаар идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн ээлжит хурал долоон хоног үргэлжлэх ба энэ хүрээнд Ассамблейн зохион байгуулалтын бүтцийн 3 хороо, Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанууд тус тус явагдах юм.

Монгол Улс 2012 онд ЕАБХАБ-ын бүрэн эрхт гишүүн болсноор Монгол Улсын Их Хурал ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн гишүүн болж, улмаар Парламентын Ассамблейн намрын ээлжит хурлыг 2015 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Ассамблей нь тус байгууллагын гишүүн 57 улсын парламент хоорондын яриа хэлэлцээний гол механизм бөгөөд төв нь Дани Улсын нийслэл Копенгаген хотноо үйл ажиллагаагаа явуулдаг гэж Улсын Их Хурлын Гадаад харилцааны хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл