Цэс

Холбоо барих

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Энх-Амгалан нар иргэдийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн 10-р хороонд ажиллав

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны гишүүн М.Оюунчимэг, Б.Энх-Амгалан нар өнөөдөр (2017.11.01) Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны 34,35 дугаар байрны оршин суугчидтай уулзлаа.


Дээрх хоёр байрны 96 өрхийн 500 гаруй иргэд орон байрныхаа нөхцөл сайжруулах дахин төлөвлөлтийн асуудлаар Өргөдлийн байнгын хороонд хүсэлт гаргасны дагуу Байнгын хорооны гишүүд ийнхүү ажилласан юм.

Уулзалтад УИХ-ын гишүүдээс гадна Барилга, хот байгуулалтын яам, Төрийн орон сууцны корпораци, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар зэрэг холбогдох байгууллагуудын төлөөлөл байлцав.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хэлсэн үгэндээ, 500 гаруй иргэдийн тулгамдсан асуудлыг нааштайгаар шийдвэрлэх зорилгоор өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байна гээд иргэдийн байр суурийг сонсов.



Иргэдийн өгсөн мэдээллээр 34, 35 дугаар байр нь 1961 онд ашиглалтад орсон бөгөөд 2014 онд Мэргэжлийн хяналтын байгууллагаас  ашиглалтын шаардлага хангахгүй барилгын жагсаалтад багтаажээ.

Дахин төлөвлөлтөд оруулах шийдвэр гаргасан ч дөрвөн жилийн хугацаанд гурван удаагийн тендер зарлахад нэг ч компани санал ирүүлээгүй байна.

Одоо дээвэр нь цоорхой, халаалт муутай, шугам хоолой хагарсан, орц, хонгилын шат нь нурсан байранд иргэд амьдарч байгаа юм байна.


Иргэд мэдээлэлдээ, хэрвээ дахин төлөвлөлтийн ажлыг хийх компани олдохгүй бол улс хариуцан орон сууцаар хангах журамтай гэж ойлгож байгаа гээд Барилга, хот байгуулалтын яам, Төрийн орон сууцны корпораци, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт удаа дараа өргөдөл гаргасан ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн шийдэлд хүрээгүйд бухимдалтай байгаагаа илэрхийлэв. Ид хүйтрэхээс  өмнө энэ асуудлыг шийдвэрлэхийг Байнгын хорооны гишүүдээс тэд хүслээ.


Иргэдийн мэдээлэлтэй холбогдуулан Нийслэлийн газрын албаны газар зохион байгуулагч А.Золжаргал “Энэ хоёр байрны зураг төслийн ажил хийгдсэн. Байруудыг нурааж, шинийг барихад 34 тэрбум төгрөг шаардлагатай урьдчилсан төсөв гарсан байгаа. Нийслэлийн Засаг даргын захирамж 2015 онд гарснаас хойш дөрвөн удаа сонгон шалгаруулах тендер зарласан ч сонирхсон хуулийн этгээд байхгүйгээс үүдэн дараагийн шатанд авах арга хэмжээний саналыг холбогдох байгууллагуудад албан бичгээр хүргүүлсэн” гэлээ.


Ийнхүү иргэд болон холбогдох албаны хүмүүсээс асуулт асууж, хариулт авсны дараа УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Өргөдлийн байнгын хорооноос энэ хоёр байрны оршин суугчдын тавьж буй хүсэлтийг яаралтай шийдвэрлэхтэй холбогдуулан тогтоол гаргана. Мөн ойрын өдрүүдэд энэ асуудлаар Байнгын хорооноос өргөтгөсөн бүрэлдэхүүнээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна. Ингэснээр гарц шийдлийг тодорхой болгоё” хэмээв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл