Цэс

Холбоо барих

ХЗБХ: Монгол Улсын 2021 оны төсвийн тодотголын талаарх хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хаалттайгаар хэлэлцлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.07.01) хуралдаан 12 цаг 40 минутад 57.8 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэв. Байнгын хорооны хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хуралдаанд тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг Хууль зүй, дотоод хэргийн яам, Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурор, Цагдаагийн ерөнхий газар, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Оюуны өмчийн газар, Архивын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Дотоод хэргийн их сургууль зэрэг яам, төрийн байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагчид болон Сангийн яамны холбогдох албан тушаалтны бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн гишүүд оролцов.


Хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсад (КОВИД-19) халдварын тархалт нэмэгдэж, урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдал үүсэж, ард иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалахад чиглэсэн зайлшгүй шаардлагатай нэмэлт санхүүжилт хийх цаг үеийн шаардлага үүсэж байгаагаас гадна хил орчмын цар тахлын тархалтын улмаас түүхий эдийн экспорт эрс буурч төсвийн орлогод сөргөөр нөлөөлж эхэлснийг төслийн танилцуулгад дурджээ.

Иймд төсвийн тодотголын хүрээнд эрүүл мэндийн салбарын нэн шаардлагатай зардлыг санхүүжүүлэх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалахад чиглэсэн нийт 735.1 тэрбум төгрөг, хүүхдийн мөнгө болон нийгмийн халамжийн тэтгэмжийн 2021 он дуустал олгоход 618.9 тэрбум төгрөг, Засгийн газрын нөөц санг 60 тэрбум төгрөг, аймгийн Засаг дарга нарын нөөц санг 20 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлэхээр тооцжээ. Төрийн байгууллагууд төсөв хэмнэх горимд ажиллах, төлөвлөсөн арга хэмээг зайлшгүй хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага, үр дүн, ач холбогдлоор нь эрэмбэлж хэрэгжилтийг нь хойшлуулах, цуцлах зэргээр төсвийн урсгал зардлыг 132.9 тэрбум төгрөгөөр, хөрөнгө оруулалтын зардлыг 90 тэрбум төгрөгөөр, гадаад зээл ашиглалтын зардлыг 60 тэрбум төгрөгөөр нийт 282.9 тэрбум төгрөгөөр зардал танахаар тооцоолсон. Хэмнэгдсэн зардлыг “КОВИД-19” цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд зарцуулна гэж байлаа.

Эдгээр бодлогын өөрчлөлтүүдийг Монгол Улсын 2021 оны төсвийн тодотголд тусгахад нэгдсэн төсвийн нийт орлого 597.7 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 13,731.7 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн нийт зарлага 1,796.7 тэрбум төгрөгөөр нэмэгдэн 15,748.3 тэрбум төгрөг болох ба төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -3,691.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -8.8 хувьтай тэнцэх юм байна.

Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн, Ж.Сүхбаатар, Ц.Мөнхцэцэг, Ц.Мөнх-Оргил нар хүүхэд хамгааллын зардлыг төсвийн тодотголд тусгасан эсэх, банк, хадгаламж зээлийн хоршоодын өр барагдуулах ажлын явцын талаар болон Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтнуудын цалин хөлс, эм эмнэлгийн хэрэгслийн төсвийн хүрэлцээний талаар асууж тодруулав.

Энэ удаагийн төсвийн тодотголыг “Бүхнийг ковидын эсрэг” гэсэн зарчмын дагуу хийж байгаагаараа онцлогтой. Эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийхийн тулд бусад салбарын 2021 оны төсвийн хуулиар батлагдсан төсвөөс хэмнэж болох бүх зардлыг танаж байгаа. Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцаас 4.5 тэрбум төгрөгийг татахаар тодотголд тусгасан. Хүүхэд хамгааллын зардлыг одоогоор нэмэгдүүлэх боломжгүй бөгөөд 2022 оны төсөвт тусгана. Харин Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн тухайд хоёр салбарын дунд орхигддог. Цар тахлын эсрэг эм тарианы нөөцгүй, санхүүжилт дутагдалтай байдгийг салбарын сайд хэллээ. Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат хариултдаа, төсвийн тодотголоор 60 тэрбум төгрөгийг цар тахлын үед нэн шаардлагатай эмийн нөөц бүрдүүлэхэд нэмж зарцуулахаар тооцсон. Энэ хүрээнд тус эмнэлэгт шаардлагатай эм, тарианы нөөцийг бүрдүүлэх боломжтой гэлээ. 

Ингээд Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулахаар тогтлоо.

Дараа нь Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны дарга С.Бямбацогт хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хаалттай хуралдаанаар хэлэлцэх горимын санал гаргаж, санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 58.3 хувийн саналаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хаалттай хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т “Хэлэлцэх асуудлын шинж байдал, гишүүдийн саналыг харгалзан асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцэж болно” гэж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22.3-т заасны дагуу хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцэж болно” гэж тус тус заажээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл