Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 36 дахь дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 36 дахь дугаарт Засгийн газрыг огцруулах тухай УИХ-ын тогтоол, Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Журам батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэлжээ.


Засгийн газрын тогтоолоор Төр төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн зарим тусламж, үйлчилгээг худалдан авах үйл ажиллагааны журам”-ыг хавсралтаар баталсан байна.

Эрүүл мэндийн тухай хуулийн 24.6-д заасан төр төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн зарим тусламж, үйлчилгээг худалдан авах үйл ажиллагааг нийгмийн даатгалын байгууллага гэрээний үндсэн дээр гүйцэтгэхтэй холбоотой харилцааг энэхүү журмаар зохицуулахаар тусгажээ.

Нийгмийн даатгалын байгууллага гэрээ байгуулсан худалдан авах төлбөрийг нь төр хариуцах эрүүл мэндийн зарим тусламж, үйлчилгээ (цаашид “тусламж, үйлчилгээ” гэх)-ний нэр төрөл болон төлбөрийн хэмжээг эрүүл мэнд, санхүү, төсвийн  болон нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран, иргэн, даатгуулагчид тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар, чанарын шалгуур үзүүлэлт, хяналт тавих журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах юм байна.

Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон нийгмийн даатгалын төв байгууллага энэхүү журмын 1.2-т заасан тушаалыг үндэслэн жил бүр гэрээ байгуулан тусламж, үйлчилгээг худалдах, худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах бөгөөд энэхүү журмын 1.4-т заасан гэрээнд эрүүл мэндийн байгууллагаас худалдан авах тусламж, үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, улсын төсвөөс санхүүжүүлэх хөрөнгө болон төсвийн сарын хуваарь, төлбөр хийх хугацаа, талуудын эрх, үүрэг, хүлээх хариуцлага, тусламж, үйлчилгээний чанарт тавих хяналтын асуудлыг тодорхой тусгана хэмээн журамд заасан байна.  

Нийгмийн даатгалын байгууллага нь иргэн, даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжид хяналт тавьж, тусламж, үйлчилгээг худалдан авах, зардлын төлбөрийг санхүүжүүлэх үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх аж.

Түүнчлэн эмхэтгэлийн шинэ дугаарт Засгийн газрын тогтоолоор баталсан ”Гадаадын арбитр болон гадаад улсын шүүхэд маргаан үүсэхээс урьдчилан сэргийлэх, маргааныг хэлэлцээний замаар шийдвэрлэх, маргаан үүссэн тохиолдолд баримтлах журам”-ыг нийтэлсэн байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл