Эмхэтгэлийн шинэ дугаарт Далайчныг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны тухай олон улсын конвенцын нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталсан хуулийг нийтэлсэн.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарим шүүгчийг Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийг албан тушаалд томилсон болон зарим шүүгчдийг Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилж, чөлөөлсөн тухай зарлигуудыг нийтэллээ.
Түүнчлэн эмхэтгэлийн энэ дугаарт Монгол Улсын Засгийн газрын “Журам шинэчлэн батлах тухай” тогтоолуудыг тус тус нийтэллээ.
“Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санг бүрдүүлэх, зарцуулах журам”-аар төрийн бодлогын хүрээнд харилцаа холбооны зайлшгүй шаардлагатай үйлчилгээг алслагдсан орон нутагт болон үйлчилгээ хүрээгүй хүн амд бодит үнээр хүргэх, шинээр сүлжээ байгуулах, харилцаа холбооны орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, өргөтгөх, шинэчлэхтэй холбоотой харилцааг зохицуулжээ. Уг журамд сангийн хөрөнгөөр улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, салбарын хөгжлийн бодлоготой уялдуулан, төлөвлөж, харилцаа холбооны асуудал эрхэлсэн сайдын баталсан төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр тусгажээ.
Харин “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-аар хөгжлийн бодлогын баримт бичиг Монгол Улсын хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, явц, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, төрийн захиргааны төв, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэхтэй холбогдсон харилцааг зохицуулжээ. Журам нь төрийн бодлого, төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэх, хэрэгжилт, хариуцлагыг сайжруулахад чиглэсэн байна. Мөн захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоо, хүний нөөцийн чадавхыг сайжруулах асуудлыг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх ажлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар зохион байгуулахаар тусгасан зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.