Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2021.04.01/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 09 цаг 59 минутад, гишүүдийн 43 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар Г.Дамдиннямыг сонгов
Хуралдааны эхэнд Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв.
Энэ талаарх холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцуулсан. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо уг асуудлыг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд Байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Гонгорын Дамдиннямыг нэр дэвшүүлэхийг дэмжсэн гэж байлаа.
Нэр дэвшигч Г.Дамдинням нь 2004 онд МУБИС-ийг нийгэм судлал, эрх зүйн багш мэргэжлээр, 2005-2007 онд МУБИС-ийг улс төр судлалын магистр, 2013-2016 онд Бритиш Колумбын их сургуулийг уул уурхайн засаглал, бодлого судлалын магистрийн зэрэгтэйгээр тус тус төгссөн. 2008-2009 онд Байгаль орчны сайдын зөвлөх, 2009-2010 онд БСШУ-ны сайдын зөвлөх, 2010-2013 онд ШУТИС-ийн Нийгмийн хөгжлийн проректор, 2015 онд Бритишийн Колумбын их сургуулийн судлаач, 2017 онд “Прокон Майнинг Монголия” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар, 2020 оноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Гонгорын Дамдиннямыг сонгохыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 85,2 хувь нь дэмжсэн тул “Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа.
Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжив
Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хууль зүйн байнгын хороо хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хийж, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас өгсөн гүйцээн боловсруулах чиглэлийг баримтлан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасны дагуу зарчмын зөрүүтэй хоёр санал, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хуулийн төсөл хоорондын зөрчлийг арилгах шаардлага гарсан тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу 1 зарчмын зөрүүтэй санал боловсруулан Байнгын хорооны хуралдаанаар санал хураалгасан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжсэн гэдгийг онцлов. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн гэв.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав.
Тухайлбал, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтын “арга” гэсний дараа “хэрэглэж” гэж нэмэх, мөн зүйлийн 7.1.2 дахь заалтын “алдар хүнд, нэр төрийг” гэснийг “үйл ажиллагааг” гэж, 7.1.3 дахь заалтыг “7.1.3.хүний эрх, эрх чөлөө, бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаах.” гэж, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийг “13.1.Энэ хуулийг 2021 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж тус тус өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг “Хүний эрх хамгаалагч нь хүчирхийллийн арга хэрэглэж, тайван бус аргаар үйл ажиллагаа явуулсан, явуулахыг уриалсан, хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааг хувийн ашиг сонирхолд ашигласан, хүний эрх, эрх чөлөөг зөрчиж, бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Ингээд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Үргэлжлүүлэн Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлтэй холбогдон боловсруулсан Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Хууль зүйн байнгын хороо 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулав.
Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд Хүний эрхийн Үндэсний Комиссын хүний эрхийн хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн Хүний эрхийн хамгаалагчийн хорооны дарга байх тухай ажлын хэсгээс гаргасан саналыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжсэн тул хууль хоорондын уялдааг хангаж, зөрчлийг арилгах зорилгоор Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу боловсруулан хэлэлцүүлсэн. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Б.Энхбаяр нар Хүний эрхийн Үндэсний Комиссын 5 гишүүнийг 6 болгон нэмэгдүүлэхийг дэмжихгүй байгаа бөгөөд одоогийн 5 гишүүн хариуцаж ажиллах бүрэн боломжтой талаар байр сууриа илэрхийлж, төслийн хоёрдугаар зүйлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй болно гэж байлаа.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Ц.Мөнх-Оргил, Ш.Адьшаа нар асуулт асууж, үг хэллээ.
Ингээд Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Дараа нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Төсвийн байнгын хороо 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5 дахь хэсгийг үндэслэн Нийгмийн бодлогын байнгын хороо Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн санал, дүгнэлтээ тус Байнгын хороонд ирүүлсэн. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа Хүүхдийн төлөө сангаас зарцуулах зардалд олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын тэмцээн наадамд оролцохоор бэлтгэлээ хангаж байгаа, мөн оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэх асуудлыг нэмж тусгах санал гаргасныг 37.5 хувийн саналаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Хүүхдийн төлөө сангийн эх үүсвэрт нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын 1 хувийг төвлөрүүлэх санал гаргасныг 37.5 хувийн саналаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Хүүхдийн төлөө сангийн зориулалт нь хүүхдийн хөгжлийг дэмжихээс гадна хүүхдийг хамгаалах, оролцоог дээшлүүлэх асуудлыг нэмж тусгах санал гаргасныг 43.8 хувийн саналаар, Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин хуулийн хэрэгжих хугацааг ердийн журмаар дагаж мөрдөх нь зүйтэй гэсэн санал гаргасныг 43.8 хувийн саналаар, Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан хууль зүйн техник хангуулахаар зарчмын зөрүүтэй саналууд гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй гэдгийг дурдлаа.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Д.Сарангэрэл, Ч.Ундрам нарын асуултад Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хариулав. Тэрбээр, хуулийн төсөлд Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийн эх үүсвэр нь автотээврийн хэрэгслийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаар борлуулсны орлого, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжсэн соёл урлаг, спортын тоглолтын орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлэхээр заасныг тэмдэглээд Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, Ц.Сандаг-Очир нарын гаргасан саналуудыг дэмжих шаардлагатай тул чуулганы хуралдаанд оролцсон гишүүдээс дэмжихийг хүслээ.
Ингээд хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалтыг явуулахад Төсвийн байнгын хорооны дэмжээгүй саналуудыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйл буюу 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт “21.3.3.олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд оролцох бэлтгэл хангаж байгаа болон оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэх.” заалт нэмэх, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир төслийн 2 дугаар зүйлийн 21.1 дэх хэсгийн болон Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 16.6 дахь хэсгийн “хөгжлийг” гэсний дараа “, хамгаалал, оролцоог” гэж нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин хуулийг ердийн журмаар дагаж мөрдөх, үүнтэй уялдуулан төслийн 3 дугаар зүйлийг төслөөс хасах, төслийн 2 дугаар зүйлийн 21.3.2 дахь заалтын “тив” гэсний өмнө “олон улс,” гэж нэмэх, мөн заалтын “соёл, урлагийн болон спортын уралдаан тэмцээнд” гэснийг “соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд” гэж өөрчлөн, төслийн 1, 2 дугаар зүйлийг нэгтгэн хуулийн техникийн засвар хийх найруулгын саналууд гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзэв.
Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргалаас төслийн 2 дугаар зүйлийн 21.2 дахь хэсэгт буюу Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийн эх үүсвэрт “нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын 1 хувь”-ийг нэмж тусгахыг санал гаргасан ч Үндсэн хуулийн зарчимд нийцэхгүй учраас санал хураалт явуулсангүй.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйл буюу 16.6 дахь хэсгийн “Сангийн удирдлага, санхүүжилттэй холбоотой харилцааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулна.” гэсэн агуулгатай 2 дахь өгүүлбэрийг “16.7.Энэ хуулийн 16.6 дахь хэсэгт заасан сангийн удирдлага, сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хянахтай холбогдсон харилцааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулна.”гэсэн хэсэг болгон салгаж өөрчлөн найруулах, Автотээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 17.4 дэх хэсгийн “Автотээврийн хэрэгслийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаар борлуулсны” гэснийг “Энэ хуулийн 17.3-т заасан” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив.
Ингээд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нар тус тус танилцуулсан.
Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах, үйлчлэх, хэрэглэх, архидан согтуурахтай тэмцэх, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаатай холбогдсон харилцааг цогц байдлаар зохицуулахаар 7 бүлэг 45 зүйлтэй хуулийн төслийг боловсруулжээ.
Төсөлд “согтууруулах ундаа” гэж хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, бүх төрлийн архи, 2-оос дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан дарс, тэдгээрийн үндсэн дээр бэлтгэсэн ундаа, шар айраг, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архийг тодорхойлсон байна. Харин “согтууруулах ундааны эргэлт” гэж согтууруулах ундааг үйлдвэрлэх, импортлох, экспортлох, хадгалах, худалдах, түүгээр үйлчлэх, хэрэглэхийг тус тус ойлгохоор тодорхойлжээ. Төслийн 2 дугаар бүлэгт согтууруулах ундааны үйлдвэрлэлтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан байна. Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаатай олгохоор, экспортлох зорилгоор сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архийг чөлөөт бүсэд үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг чөлөөт бүсийн захирагч олгохоор тусгажээ. Мөн согтууруулах ундааны үйлдвэрлэлд тавигдах шаардлагуудыг шинээр тодорхойлохдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээ, хатуулгийг бүртгэж, эрх бүхий байгууллагад тогтмол мэдээлэх төхөерөмжтэй байх, үйлдвэрлэх шаардлагатай бүтээгдэхүүний зохих доод хэмжээг тусгай зөвшөөрөлд тусгах, орц, найрлага, түүхий эд, этилийн слиртийн агууламж ижил, нэг төрлийн согтууруулах ундааг нэгээс дээш нэрээр үйлдвэрлэхийг хориглох заалтууд оруулсныг төслийн танилцуулгад дурдсан байлаа.
Мөн согтууруулах ундаа импортлох зөвшөөрлийг гурван жилийн хугацаатайгаар, хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газрын баталсан журмын дагуу олгохоор төсөлд тусгажээ. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг олгох хэмжээг нийгмийн зарим үзүүлэлтүүдийг харгалзан, урьдчилан тогтоосны үндсэн дээр олгох, ингэхдээ худалдах тусгай зөвшөөрлийг ашгийн төлөө худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдэд, харин согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг этгээдэд олгохоор тусгасан байна.
Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох газар, зүйлийн талаарх зохицуулалтыг шинээр боловсруулж, хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд зааснаас гадна согтууруулах ундааг зайнаас (холбоо, мэдээллийн сүлжээ ашиглан) болон өөртөө үйлчлэх автомат төхеерөмж ашиглан, эсхүл гap дээрээс, эсхүл согтууруулах ундааг хаягаар хэрэглэгчид хүргэхийг хориглохоор тусгажээ. Мөн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох өдөрт Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр, сонгуулийн санал авах өдрийн өмнөх, дараах өдөр гэх зэргийг нэмж “Архигүй өдрийн” тоог нэмэх нь зүйтэй хэмээн үзсэн талаар төслийн танилцуулгад дурдсан байв.
Аймаг нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч нар харьяалах нутаг дэвсгэртээ согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг тогтоох нь зүйтэй хэмээн үзэж холбогдох зохицуулалтыг тусгасан байна.
Мөн согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөл эзэмшигч нь үйлчлүүлэгчид зориулсан худалдан авсан согтууруулах ундааг хэрэглэх танхимтай байх, тус танхимд халуун, хүйтэн зуушаар үйлчлэх болон ундны усаар үнэ төлбөргүй үйлчлэх, үйлчлүүлэгч худалдан авсан согтууруулах ундаагаа зөвхөн зориулалтын танхимд хэрэглэх, 35 хувиас дээш хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундааг согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөл эзэмшигч үйлдвэрийн лонх, савалгаатай нь худалдаж үйлчлэхийг хориглох гэх зэрэг согтууруулах ундааны хэрэглээ, түүний худалдаатай холбоотой үйл ажиллагааны талаарх шинэлэг зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Согтууруулах ундаагаар үйлчлэх танхимд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох болон хэтрүүлэн хэрэглэсний улмаас үүсэх хор уршгийн талаар санамж, такси, нийтийн тээврийн үйлчилгээний талаарх мэдээллийг байршуулах, согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бусдад үйлчлэх үүрэг бүхий ажилтан нь согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтад хамрагдсан байх, шаардлагатай тохиолдолд насанд хүрсэн эсэхийг шалгах зорилгоор үйлчлүүлэгчийн бичиг баримтыг шалгах, 21 насанд хүрээгүй, эсхүл согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн хүнд согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсний улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцах зохицуулалтыг төсөлд тусгасан байна.
Төслийн 6 дугаар бүлэгт архидан согтуурах, согтууруулах ундааны хэрэглээг нэмэгдүүлэх зорилго бүхий аливаа үйл ажиллагааг хориглох зохицуулалтуудыг тусгасан бол 7 дугаар бүлэгт согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, экспорт, реэкспорт, худалдаа, үйлчилгээнд хяналт тавих журам болон хяналт тавих эрх бүхий субъектүүдийг тодорхойлж, тэдгээрийн хэрэгжүүлэх чиг үүргийг тусгасан байна.
Хууль зүйн байнгын хороо хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлыг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ.
Хууль санаачлагч хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт туссан зорилтыг хангах, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс бий болсон үр дагаврыг арилгах, согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахаас үүдэлтэй эрсдлийг бууруулах ажлыг үр дүнтэй, оновчтой зохион байгуулах, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг зорилгоор хуулийн төслийг боловсруулсныг Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулгадаа онцлоод согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 89.9 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг дурдав.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Д.Тогтохсүрэн, Ц.Даваасүрэн, М.Оюунчимэг, Х.Баделхан, Г.Амартүвшин, Ц.Сандаг-Очир, С.Одонтуяа, Х.Ганхуяг, Б.Баттөмөр, Ш.Адьшаа нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Б.Пүрэвдорж, Ж.Чинбүрэн, Д.Сарангэрэл, Н.Энхболд, Х.Булгантуяа нар санал хэллээ.
Гишүүдийн зүгээс хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ амралтын өдрүүдэд архи согтууруулах ундаа худалдахгүй байх, энэ төрлийн худалдааны цэг, байршлын тоог цөөрүүлэх, цагийн хязгаарлалттай холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгох, архидан согтуурах дон нь өвчин тул албадан эмилчилгээний асуудалд нарийвчилсан зохицуулалтыг тусгахдаа шинжлэх ухааны судалгаанд тулгуурлахад илүүтэй анхаарах, архидан согтуурахын эсрэг соён гэгээрүүлэх зохицуулалтыг төсөлд тусгах шаардлагатай гэсэн саналуудыг хэлж байлаа.
Мөн төрийн бэлгэ тэмдэг, түүхэн хүмүүсийн нэр бүхий архи, согтууруулах ундаа бүтээгдэхүүний загварыг хязгаарлах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан, эсэх, архидан согтууруулах ундааны хэрэглээг бууруулах, согтууруулах ундааны зохистой хэрэглээг дэмжих, энэ төрлийн бүтээгдэхүүний худалдаанд цагийн хязгаарлалт тогтоох, үйлчилгээний соёлыг нэвтрүүлэх зэрэг зохицуулалтуудыг төсөлд хэрхэн тусгасныг илүүтэй лавлав.
Монгол Улсад хоёр эрэгтэй хүн тутмын нэг нь архины хэрэглээ өндөр, хамааралтай байгаа талаар Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн судалгаа байна. Өнөөдөр улсын хэмжээнд архидан согтуурах эмгэгтэй 10 гаруй мянган хүн байгаа ч албадан эмчилгээний нөөц орны хэмжээ 200 хүрэхгүй байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хариултдаа онцлохын зэрэгцээ хуулийн төслийн гол агуулга нь архидан согтуурах эмгэгтэй хүмүүсийг эмчлэх, донтох өвчний хор уршигтай тэмцэхэд Засгийн газрын сан байгуулахад чиглүүлэх, архины зохистой хэрэглээг бий болгох, архины үйлдвэрлэгч, хэрэглэгчдэд шинэ стандартыг тогтоож өгөхийг зорьж байгаа гэв. Түүнчлэн бүтээгдэхүүний загвар дээр тодорхой шаардлага тавихаар зорьж байгааг дурдаад үндэсний зарим үйлдвэрлэгчид их хааны нэртэй бүтээгдэхүүнийг Оюуны өмчийн газар бүртгүүлсэн байдаг тул энэ асуудлыг хэлэлцүүлгийг явцад судалж, тодорхой болгох, цаашид төрийн бэлгэ тэмдэг, түүхэн хүмүүсийн нэртэй согтууруулах ундааны бүтээгдэхүүний загварыг батлахгүй байхад энэ хуулийн зорилго оршиж байгаа гэв.
Мөн Төв аймгийн Баян суманд байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа албадан эмчилгээний төв 200 хүрэхгүй ортой байна. Үүнийг өргөтгөж 250 ортой болгохын зэрэгцээ, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт 100 ортой албадан эмчилгээний байрыг нээсэн. Цаашид эмчлэх шаардлагатай 9600 гаруй хүн бий. Үүнээс гадна бусад төрлийн донтой хүмүүс бий. Тиймээс Архидан согтууруулах болон донтох өвчний уршигтай тэмцэх Засгийн газрын санг шинээр байгуулж, 18-37 градустай архи согтууруулах ундааны литр тутамд 200 төгрөг, 37-гоос дээш градустай согтууруулах ундаанд 300 төгрөгийн татвар ногдуулж, санг бүрдүүлнэ. Градусын шатлал тавьж байгаа нь цаашид үйлдвэрлэгчийг татварын бодлогоор дамжуулж согтууруулах ундааны градусыг бууруулах хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байгаагаа салбарын сайд хариултдаа онцолсон. Түүнчлэн биеэ хянах чадваргүй хүмүүст архи согтууруулах ундаагаар үйлчилсэн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, хэрэв тухайн хүний эрүүл мэнд хохирол учирвал хариуцлага хүлээлгэх, улмаар баар, ресторануудад цагийн хязгаарлалт тавих, үйлчилгээний соёлын тухайд барууны орнуудны хуульд тогтоомжид байдаг зохицуулалтыг нэлээдгүй судалж, төсөлд илүүтэй тусгасан гэж байлаа.
Ингээд Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 62,3 хувь нь дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлснээр чуулганы хуралдаан түр завсарлав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.