Эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хууль болон Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хамт өргөн мэдүүлсэн бусад хуулиудын хамт нийтэллээ.
Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн зорилго нь Монгол Улс түүхэндээ анх удаа газрын тос боловсруулах чиглэлийн онцгой объект, иж бүрэн үйлдвэрийг цогцоор нь амжилттай барьж, ашиглалтад оруулах, үйл ажиллагааг зохион байгуулахад чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх, түүнд төрөөс дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэсэн. Хуулийн хамрах хүрээ, зохицуулах харилцаа нь зөвхөн “Газрын тос боловсруулах төрийн өмчит үйлдвэр” байхаар, үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллах хүртэлх хугацаанд хууль хүчин төгөлдөр мөрдөгдөхөөр тусгасан нь онцлог зохицуулалт болсон. Төрөөс үзүүлэх бодлогын дэмжлэг 3 үндсэн чиглэлээр тус хуулийн 2 бүлэг, 6 зүйлийн хүрээнд тусгагдсан. Тухайлбал, газрын тос боловсруулах үйлдвэрийн хайгуул ашиглалтын үйл ажиллагаанд үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолой, тэдгээрийн үндсэн технологи болон дагалдах, туслах байгууламжийн зураг төслийг гэрээ үйлдсэн хэлээр боловсруулах, барилгын үйл ажиллагаанд олон улсын норм, дүрэм, стандарт, ашиглалтын үйл ажиллагаанд шаардагдах олон улсын норм, дүрэм, стандартыг монгол хэлнээ орчуулж, нутагшуулах асуудлууд тусгагдсан. Газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг гадаад, дотоодын аж ахуйн нэгжтэй хамтран явуулах, газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах талбайг давуу эрхээр олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэх, үйлдвэрт олгосон талбайд газрын тосны хайгуул, ашиглалттай холбогдсон үйл ажиллагааг журмаар зохицуулах болон бусад дэмжлэгүүдийг тусгасан байна.
Түүнчлэн Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиар Зэвсэгт хүчний хөгжлийн санд төвлөрөх бүтээн байгуулалтын ажлын орлогыг Төсвийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д заасантай нийцүүлэн батлан хамгаалах асуудал эрхэлсэн төсвийн ерөнхийлөн захирагчийн тухайн жилийн нэмэлт орлогод тооцож, батлан хамгаалахын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын нэмэлт санхүүжилтийн дансаар зарцуулах, уг сангийн хөрөнгийн эх үүсвэрт гадаад улс, олон улсын байгууллага, гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн хандив, тусламж болон сангийн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийн хүүгийн орлого зэргийг шинээр тусгаж, сангийн орлогын эх үүсвэрийг баталгаажуулсан зохицуулалтыг тусгасан зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Мөн Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыгт зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 01 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн тухай тогтоол болон бусад тогтоолууд, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсаас Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг эгүүлэн татаж, тохоон томилсон тухай зарлигийг тус тус нийтэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.