Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2017.10.17) хуралдаан 19 цаг 08 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн юм.
Төслийн талаарх танилцуулгыг Сангийн дэд сайд Х.Булгантуяа
хийсэн. Эдийн засгийн өсөлт, төсвийн
орлогын гүйцэтгэлтэй уялдуулан ОУВС-гийн хөтөлбөрийн эхний шатны үнэлгээний
явцад тохирсон зарим арга хэмжээг хэрэгжүүлэх болон төсөвт зайлшгүй
тодотгол хийх үндэслэл шаардлага гарсан хэмээн тэрбээр онцоллоо.
Мөн 2017 оны зуны улиралд нийт нутгийн дийлэнх хэсэгт гантай байсны улмаас газар тариалангийн салбарт ургац алдах, мөн бэлчээрийн гарц багатай байгаагаас шалтгаалж өвөлжилт хүндэрч болзошгүй нөхцөл үүсээд байгааг танилцуулгадаа дурдав. Энэ хүрээнд өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор орон нутгийн хэрэгцээ болон улсын нөөцөд өвс тэжээл бэлтгэх, импортлох, ирэх хаврын тариалалтад шаардлагатай үрийн нөөцийн 50 хүртэлх хувийг нөөцлөх зэрэг арга хэмжээний хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх асуудлыг төсвийн тодотголын төсөлд тусгасан талаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа хэллээ.
Түүнчлэн мах бэлтгэх үйлдвэрлэлийг дэмжих, үнийг тогтворжуулах зорилгоор мах бэлтгэх, нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгийн дутагдлыг нөхөх зориулалтаар авах зээлийн хүүгийн хөнгөлөлтөд төсвөөс дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг мөн тэрбээр онцолсон.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав, Л.Элдэв-Очир нар асуулт асуусан. Хаврын улиралд хүн амын хүнсний хэрэглээг хангах зорилгоор тогтвортой үнээр зах зээлд мах нийлүүлэхэд зориулж аж ахуйн нэгжид олгох зээлийн хүүгийн хөнгөлөлтөд 3.5 тэрбум төгрөгийг тусгасныг хасах, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн эх үүсвэрийг 72.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан шалтгааны талаар тодруулсан.
2017 онд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн эх үүсвэрт зориулж 49.8 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан. Төсвөөс нэмж хөрөнгө өгөөгүй, зээлийн эргэн төлөлтөөр санхүүжиж байгаа. Энэ хүрээнд аж ахуйн нэгжүүдийн зүгээс ажлын байр бий болгох санхүүжилтийг нэмж өгөх хүсэлтийн дагуу 2017 оны төсвийн тодотголын төсөлд 72.6 тэрбум төгрөгийг тусгаад байгаа талаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа тайлбарлав.
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очир Төсвийн байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.