Цэс

Холбоо барих

УИХ-ын Тамгын газрын ажилтнуудад зориулсан “Цахим засаглалын бодлого” сэдэвт сургалт боллоо

Улсын Их Хурлын Парламентын судалгааны хүрээлэнгээс Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудад зориулсан ээлжит сургалтыг “Цахим засаглалын бодлого” сэдвийн хүрээнд өнөөдөр (2021.04.30) зохион байгууллаа.

Төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад иргэд, олон нийтийн саналыг авах, цахим оролцоог нэмэгдүүлэх, мэдээллийн ил тод байдлыг хэрхэн хангаж ажиллах чиглэлээр Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудад арга зүйн зөвлөмж, мэдээлэл өгөх зорилготой уг сургалтыг хуульч, судлаач Л.Галбаатар удирдан явууллаа. Сургалтад УИХ-ын Тамгын газрын ажилтнууд, УИХ-ын гишүүний ажлын алба, УИХ дахь намын бүлгийн ажлын албаны ажилтан зэрэг нийт 105 албан хаагч хамрагдав.

Сургалтын хүрээнд Монгол Улс дахь цахим шилжилтийн өнөөгийн нөхцөл байдал, иргэдийн цахим оролцооны талаарх мэдээллийг өглөө. “Цахим оролцоо” гэж мэдээлэл, харилцаа холбооны технологиор дамжуулан иргэдийг бодлого тодорхойлох, шийдвэр гаргах, үйлчилгээ бий болгох, иргэдийг оролцуулах, хамруулах, иргэдтэй зөвлөлдөх үйл явц гэдгийг НҮБ-аас 2014 онд тодорхойлсон байдаг.

Төрийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, түүнд инновацийг нэвтрүүлэх арга замын нэг нь цахим засаглалыг хөгжүүлэх явдал юм. Дэлхийн бусад улс оронд үйлдвэрлэлийн эринээс технологийн эринд шилжих үйл явц хурдацтай өрнөж, мэдлэгт суурилсан эдийн засагт шилжиж байна. Монгол Улс нь Цахим монгол үндэсний хөтөлбөрийг 2005-2012 онд, Бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөрийг 2008-2012 онд, Цахим засаг үндэсний хөтөлбөрийг 2012-2016 онд тус тус хэрэгжүүлсэн.

УИХ-ын Тамгын газар нь Улсын Их Хурлын гишүүд, Байнгын, дэд, түр хорооны үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах чиг үүргийг гүйцэтгэдэг. Өнгөрөгч онд УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороог байгуулагдаж, цахим парламент болох эхлэлийг тавьсан бөгөөд УИХ-ын Тамгын газар нь өдөр тутмын үйл ажиллагаанд цахим технологийг нэвтрүүлэн ажиллаж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл