Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2017.10.17) хуралдаан 15 цаг 48 минутад 73.8 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Ц.Нямдоржийг томилуулах тухай Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг хэлэлцэн, шийдвэрлэсэн юм. (дэлгэрэнгүй)
Үргэлжлүүлэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Тус байнгын хорооны өмнөх хуралдааны үеэр дээрх асуудлаар Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг завсарлага авсан байсан. Төслийн талаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа танилцууллаа. ОУВС болон Монгол Улсын Засгийн газар хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” болон хөтөлбөрийн эхний шатны үнэлгээг хийсэн Ажлын хэсэгтэй тохирсон хүрээнд Монгол Улсын 2017 оны төсвийн эхний найман сарын гүйцэтгэлд үндэслэн төсвийн тодотголын төслийг боловсруулсан гэлээ. Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогыг 501.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 6.537.1 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн зарлага ба цэвэр зээлийн дүнг 498.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 9.2 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт алдагдал 2.7 их наяд төгрөг буюу ДНБ-ий 9.9 хувь байхаар төсөвлөсөн. Энэ нь батлагдсанаас 0.5 хувиар сайжирсан үзүүлэлт болохыг тэрбээр танилцуулгадаа дурдлаа. 2017 оны төсвийн тодотголд төсвийн давсан орлогоос 500 тэрбум хүртэл төгрөгийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан тэргүүлэх чиглэлийн арга хэмжээ, түүний дотор сургууль, эмнэлэг, аймаг орон нутгийн засаг захиргааны барилгад засвар хийх, төлөгдөх ёстой өр төлбөрийг барагдуулах зэрэгт зарцуулахаар тусгажээ. Түүнчлэн давсан орлогын тодорхой хэсгийг хуримтлуулах, хуримтлалыг богино хугацаатай зээлийг бууруулах, өндөр өртөгтэй өрийг буцаан худалдан авах, мөнгөн хөрөнгийг нэмэгдүүлэх, Монгол Улсын 2017 оны төсөв батлагдсанаас хойш хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2017 онд бүх хүүхдэд олгох талаар гаргасан Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхэд зориулахаар тусгасан аж. 2017 оны зуны улиралд нийт нутаг гандуу, гантай байсан учраас газар тариалангийн салбарт ургац алдах, бэлчээрийн гарц багатайгаас шалтгаалж өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа тул өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор орон нутгийн хэрэгцээ болон улсын нөөцөд өвс тэжээл бэлтгэх, импортлох, ирэх хаврын тариалалтад шаардлагатай үрийн нөөцийн 50 хүртэлх хувийг нөөцлөх зэрэг арга хэмжээнд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, мах бэлтгэл, үйлдвэрлэлийг дэмжих, үнийг тогтворжуулах зорилгоор мах бэлтгэх, нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгийн дутагдлыг нөхөх зорилгоор авах зээлийн хүүгийн хөнгөлөлтөд төсвөөс дэмжлэг үзүүлэхээр тодотголд тусгасан болохыг Сангийн дэд сайд танилцуулсан.
Үргэлжлүүлэн тэрбээр хүн амын өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангах үүднээс эрүүл мэндийн даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээ авахад иргэдэд учирдаг санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор өндөр өртөгтэй эрүүл мэндийн мэс заслын тусламж үйлчилгээний санхүүжилт, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд элэгний С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээний зардал болон шинээр ашиглалтад орж буй үйл ажиллагаа нь өргөжиж байгаа тусламж үйлчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлэхээр төсөлд тусгасан болохыг танилцууллаа. Үүний зэрэгцээ өмнөх онуудад үүссэн шүүхийн шийдвэрийн дагуу иргэд, аж ахуйн нэгжид төрөөс олгох нөхөн төлбөр, хохирлыг барагдуулахад шаардагдах хөрөнгийг төсөвт тусгах, төсвийн зарцуулалтын үр ашиггүй байдлыг хангах зарчимд нийцүүлэн төсвийн 2017 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэл, салбарын яамдаас бодлого, хөтөлбөрөө хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага байгааг харгалзан төсвийн ерөнхийлөн захирагч нарын батлагдсан төсөвт зохицуулалтын шинжтэй зарим өөрчлөлтийг тусгасан байна. Мөн өмнөх жилүүдэд гэрээ нь хийгдсэн “барих-шилжүүлэх” концессийн төслийн эргэн төлөлт, хөнгөлөлттэй зээлийн Монголын талын хариуцах санхүүжилт, шүүхийн шийдвэртэй болон бусад өр төлбөрүүдийг барагдуулахаар төсөлд тусгасан гэлээ.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Б.Пүрэвдорж, Ж.Ганбаатар, Ш.Раднаасэд нар Ажлын хэсгээс асуулт асууж, зарим зүйлийг тодруулсан бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
Дараа нь Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 16 дахь илтгэлийг сонслоо. Байнгын хорооны хуралдаанд илтгэлийг Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж танилцуулав.
Энэ удаагийн илтгэлийн нэгдүгээрт бүлэгт хүүхдийн эрхийн хэрэгжилтийн зарим асуудлыг тусгажээ. Тодруулбал, "Хэлний цөөнх хүүхдийн сурч боловсрох эрх" хэсэгт Баян-Өлгий аймагт суугаа тува, дөрвөд, урианхай, халх хүүхдийн сурч боловсрох эрхийн хэрэгжилт, төрийн албан ёсны хэл болон хос хэлний сургалтын чанар, түүнээс үүдэлтэй хүүхдийн эрхийн зөрчил, ялгаварлан гадуурхалт, мөн багшийн мэргэжлийн бэлтгэл, боловсролын чанар, сургалтын орчин зэрэг тулгамдаж буй асуудлыг судалгаа, дүн шинжилгээнд тулгуурлан тусгажээ. Олон улсын байгууллагууд ч судалгаа, мэдээлэлтэй санал нэг байгаагаа илэрхийлсэн болохыг танилцуулгын үеэр тэмдэглэсэн. Мөн "Хүүхдийн эрх, хамгааллын талаарх мэдлэг, хандлага" хэсэгт хүүхдийн эрх, хамгааллын талаар хүүхэд, эцэг эх, олон нийтийн мэдлэг, хандлагын төлөв байдал, түүнээс үүдэн гарч буй хүүхдийн эсрэг хүчирхийллийн хэлбэрүүд, хүүхдийн эрхийн зөрчил гарч буй орчин зэрэг тулгамдаж буй зарим асуудлыг судалгаа, дүн шинжилгээний үр дүн, баримтад тулгуурлан авч үзжээ.
"Төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт" хэсэгт төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт, сонгон шалгаруулалт, өргөдөл гомдол, маргаан шийдвэрлэлтийн байдал, төрийн албанаас үндэслэлгүйгээр халагдсаныг тогтоосон шүүхийн шийдвэр биелэхгүй байгаагаас тухайн албан хаагчид учирсан хохирлыг барагдуулахтай холбоотой зарим асуудлыг холбогдох байгууллагын тайлан, судалгаа, статистик мэдээлэлд үндэслэж тусгасан аж. "Хувийн хэвшилд ажиллагсдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт" хэсэгт жижиг, дунд үйлдвэр дэх хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийг худалдаа үйлчилгээ, ноос ноолуурын салбараар төлөөлүүлж, тэнд ажиллагсдын хөдөлмөрийн гэрээ, цалин хөлс, ажил, амралтын цаг, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөний хэрэгжилт, ажлын байран дахь дарамт, нийгмийн даатгалын шимтгэл, хөдөлмөрийн маргаан, эрүүл ахуй, аюулгүй ажиллагаа зэргийг судалж тусгажээ. Мөн “Цэргийн алба хаагч, ажилтны хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал”, “Эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилт”, “Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх талаар төрийн холбогдох байгууллагын үйл ажиллагааны төлөв байдал” сэдвээр илтгэлд тусгасан байна.
Төгсгөлд нь Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж “Энэ илтгэлийг бичих явцад гарсан бага насны хүүхэд хүчирхийлэлд өртсөн талаарх ноцтой асуудалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нарт хүргүүлсэн нууцын зэрэглэлтэй мэдээллийн талаар товч танилцуулсан. Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Цогтбаатар дэд хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан юм.
Хүний эрхийн үндэсний комиссын 16 дахь илтгэл болон энэ талаарх Дэд хорооны санал, дүгнэлтийг танилцуулсны дараа Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Ц.Нямдорж, О.Батнасан нар асуулт асууж, тодруулга хийсэн бол Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь, Ж.Батзандан, Ш.Раднаасэд нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.