Цэс

Холбоо барих

Эдийн засгийн байнгын хороо 2017 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцлээ


Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2017.10.18) хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 09 цаг 31 минутад эхэллээ. Тус байнгын хороо мягмар гарагийн хуралдаанаараа Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үеэр Ажлын хэсгийн бүрэлдэхүүн хангалтгүй гэдэг үндэслэлээр асуудлыг хойшлуулаад байсан юм.

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар гишүүд асуулт асууж, Ажлын хэсгээс хариулт авсан юм. Улсын хэмжээнд өөрийгөө санхүүжүүлдэг долоон аймаг байдаг бөгөөд тэдгээрийн ОНХС-гийн орлогыг холбогдох хуулийн дагуу Сангийн яам төвлөрүүлэн татаж буй нь аймгуудын орлого төвлөрүүлэх идэвхийг бууруулах эрсдэлтэйг Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир сануулаад, энэ талаар ямар зохицуулалт хийх боломжтой талаар тодруулав. Мөн хүүхдийн мөнгийг олгох хувийг нэмэгдүүлэх, багш, эмч нарын цалинг нэмж чадахгүй юм гэхэд хуулиар олгодог урамшууллыг нэмэх, нэг удаагийн тэтгэмж олгох зэрэг гарцыг эрэлхийлэх, эрүүл мэндийн даатгалын хураамжийн хэмжээг бууруулах талаар төсвийн тодотголын төсөлд тусгагдсан эсэхийг тодрууллаа.


2017 оны төсвийн тодотголын төсөлд энэ оныг дуустал хүүхдийн мөнгийг 100 хувь олгохоор 104.5 тэрбум төгрөгийг тусгасан болохыг Ажлын хэсэг танилцуулсан. Мөн хүн амын өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангах үүднээс эрүүл мэндийн даатгалын хүртээмж, эмнэлгийн тусламж үйлчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлэхээр нийтдээ 19 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд суулгаад байгааг тайлбарлаад, эрүүл мэндийн даатгалын хураамжийн хэмжээг бууруулах талаар 2018 оноос тодорхой арга хэмжээ авах боломжийг судалж буйг дуулгав. Аймгуудын ОНХС-гийн үлдэгдлийг татан төвлөрүүлэх зохицуулалт бүхий хуулийн үйлчлэл 2019 оны нэгдүгээр сарын 01-нээс дуусгавар болох юм байна. Түүнчлэн Сангийн яам ирэх онд ОНХС-гийн санхүүжилтийг нэмэгдүүлэх бодлогыг баримталж байгааг хэлсэн.

Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр төсвийн орлогын илүүдлийг эдийн засгийн өсөлт бий болгох зориулалтаар зарцуулах талаар ямар бодлого баримталсан болохыг тодруулж, Ажлын хэсгээс хариулт авлаа.

Ийнхүү Эдийн засгийн байнгын хороо Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов. Хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очироор ахлуулан байгуулахаар шийдвэрлэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл