Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2021 оны 17 дугаарын тойм


    Эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авто тээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг нийтэллээ. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд Хүүхдийн төлөө сан нь хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоог дэмжих зориулалттай байхын зэрэгцээ уг сан  автотээврийн хэрэгслийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаар борлуулсны орлого, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжсэн соёл, урлаг, спортын тоглолтын орлого, бусад орлогоос хөрөнгийн эх үүсвэрийг нь бүрдүүлэхээр тусгажээ. Мөн Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг санхүүжилтээр дэмжих,  олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд амжилт гаргасан хүүхдийг шагнаж урамшуулах, олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд оролцох бэлтгэл хангаж байгаа болон оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэх арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулахаар зохицуулснаас гадна тус сангийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих журмыг Засгийн газарт даалгахаар тусгасан байна. 

    Мөн Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай,  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийн тухай Улсын Их Хурлын тогтоолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай  Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн хамт нийтэллээ. Улсын Их Хурлын 02 дугаар тогтоолд “Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг зөрчсөн байна.” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхөөр тусгажээ. 

    Түүнчлэн энэ дугаарт Монгол Улсын Ерөнхийлөгч Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд  зарим шүүгчийг томилж, бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон шүүгчийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний албан тушаалаас чөлөөлсөн талаарх зарлигийг нийтэллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл