Эмхэтгэлийн шинэ дугаарт Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг “Монгол Улсад Ковид-19-өөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн хамт нийтэллээ. Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Монгол Улсад КОВИД-19-өөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн нэмэлт санхүүжилтээр вакцинжуулалтын төслийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр тохиролцсон. Энэхүү вакцинжуулалтын төслийн хүрээнд нийт хүн амын 60 хүртэл хувийг хамруулахад хүрэлцэхүйц вакциныг худалдан авах, тээвэрлэх, хадгалах, аюулгүй байдлыг хангах, улс орон даяр түгээх, хянах зэрэг хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж, дэд бүтцийг өргөжүүлэх, бэхжүүлэх арга хэмжээг цогцоор нь хэрэгжүүлнэ. Үүнээс гадна энэхүү КОВИД-19 вакцин нь өөрөө шинэ төрлийн дархлаажуулалтын бэлдмэл учир тарилга хийх заалт, тарилгын дараах илэрч болох хүндрэлээс сэргийлэх, дархлаажуулалтын хамралтын түвшинг үнэлэх, хянах, дэмжлэгт хяналт хийх зэрэг арга хэмжээг авахад нийт 8000 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, нэгдсэн сургалт, мэдээлэл олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгасан байна.
Түүнчлэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэллээ. Уг хуульд хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүнийг Комиссын гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг удаа сонгох болон уг комиссын гишүүн Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар томилогдсон, эсхүл өөр ажил албан тушаалд сонгогдсон, томилогдсон бол Комиссын гишүүд 14 хоногийн дотор Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүнийг сонгохоор зохицуулжээ.
Энэ дугаараас “Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай”, “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” болон уг тогтоолд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрсөн эсэхтэй холбоотой “Ерөнхийлөгчийн хоригийн тухай” Улсын Их Хурлын тогтоол болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай” зарлигуудтай дэлгэрэнгүй танилцах боломжтой.
Мөн Монгол Улсын Засгийн газрын “Журам батлах тухай” тогтоолыг нийтлэв. “Цөмийн материалыг бүртгэх, хянах журам”-ын зорилго нь цөмийн материал, цацраг идэвхт хүдрийн баяжмалыг бүртгэх, хянах, мэдүүлэг хүргүүлэх харилцааг зохицуулах болон “Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээтэй холбогдуулан баталгаа хэрэглэх тухай Монгол Улс, Олон улсын атомын энергийн агентлагийн хооронд байгуулсан Хэлэлцээрт оруулсан нэмэлт протокол”-ын дагуу Монгол Улсын хүлээсэн үүргийг биелүүлэхэд чиглэжээ. Уг журмыг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан аж ахуйн нэгж, байгууллага, этгээдийн энхийн зорилгоор ашиглах цөмийн материал болон түүнтэй холбоотой үйл ажиллагаа, цөмийн түлшний үе шатанд эрдэм шинжилгээ болон туршилт-зохион бүтээх ажиллагаатай урт хугацааны төлөвлөгөө, үйлдвэрлэл, хадгалалт, экспорт, импортын үйл ажиллагаа, ураны хайгуул, олборлох, ураны хүдрийн баяжмал үйлдвэрлэх, экспортлох, импортлох үйл ажиллагаанд дагаж мөрдөхөөр хамрах хүрээг нь зохицуулсан зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг эмхэтгэлээс авах боломжтой гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.