Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва өнөөдөр (2017.10.18) Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн болон тус газрын ахлах эдийн засагч Деклан Магий нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва хатагтай Ёланда Фернандез Ломмэнтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд 1990 оноос хойш Азийн хөгжлийн банкнаас үзүүлсэн зээл, тусламж Монгол Улсын хөгжил дэвшилд бодит үр дүн авчирсан гэдгийг онцолсон юм.
Тэрбээр “Таныг шинээр томилогдсон Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзах үеэрээ Азийн хөгжлийн банкнаас 2017-2020 он хүртэл нийт 1.2 тэрбум ам долларын дэмжлэгийг Монгол Улсад үзүүлэхээр болсон тухай мэдээлснийг сонссон. Эдийн засагтай холбоотой асуудал манай Эдийн засгийн байнгын хороонд харъяалагддаг учраас дээрх асуудлаар тодорхой мэдээлэл авах үүднээс таньтай уулзаж байна” гэв.
Хатагтай Ёланда Фернандез Ломмэн Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагвад хүлээн авч уулзаж буйд нь талархлаа илэрхийлж, түүний асуусан асуултад хариулт өглөө.
Өнгөрсөн 26 жилийн хугацаанд Азийн хөгжлийн банкнаас Монгол
Улсад нийтдээ 2.0 тэрбум орчим ам.долларын зээл, тусламжийг үзүүлсэн байдаг. Эдийн
засгийн хүндрэлтэй байгаа энэ үед ОУВС-гаас хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн
санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд бид ирэх дөрвөн жилийн хугацаанд 1.2 тэрбум
ам.долларын санхүүгийн дэмжлэгийг Монгол Улсад үзүүлэхээр болсон нь маш чухал шийдвэр юм.
Дээрх санхүүжилтийн 50 хувийг төсвийн дэмжлэг үзүүлэх чиглэлээр, 50 хувийг бодит төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулахаар төлөвлөж байна. Ингэхдээ эдийн засаг, нийгмийн тогтвортой байдал, эдийн засгийн төрөлжилт, байгаль орчны тогтвортой байдлыг дэмжих гэсэн тэргүүлэх 3 чиглэлээр хэрэгжүүлэх стратегийг батлаад байна гэж Ёланда Фернандез Ломмэн хэлсэн юм.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газартай тохиролцсоны дагуу "Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратеги"-ийг боловсруулан баталсан гэж тэрбээр нэмж хэллээ.
Уулзалтын үеэр хатагтай Ёланда Фернандез Ломмэн “Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратеги”-ийн талаарх танилцуулгыг Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагвад гардуулан өглөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.